Театр мөн чанараа алдахгүй байх ёстой.
“Уран бүтээлчийн ертөнцөөр” ярилцлагын булангийн анхны зочноор СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн жүжиглэх, найруулах урлагийн багш, найруулагч У.Дэлгэрбуянг урьж ярилцлаа.

Тэрээр 2007 онд СУИС-ийн Театрын урлагийн сургуульд элсэн орж, Ардын жүжигчин, Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, дэд профессор Б.Мөнхдоржийн удирдлагад суралцан “Театрын найруулагч” мэргэжлээр төгссөн. 2011 оноос СУИС-ийн ТУС-ийн Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимд жүжиглэх, найруулах ур чадварын багшаар тасралтгүй ажиллаж байна. Багшлах хугацаандаа бие даан 2 анги төгсгөсөн. Мөн 2018 оны 5 дугаар сард Солонгос улсад зохион байгуулагдсан Азийн Театрын Сургуулиудын /АТЕС/ холбооноос 8 дахь жилдээ зохиогдсон олон улсын театрын фестивальд “Цуст хурим” бүрэн хэмжээний жүжгийг найруулан тавьж “Шилдэг бүтээл”-ийн шагналыг хүртэж, 2018 оны 12 сард ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан “Территория жести” олон улсын фестивальд “Хувь тавилан” пластик жүжгээр “Шилдэг пластик жүжиг” шагнал, 2019 оны 5 сард БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан АТЕС-ийн олон улсын форумд Ч.Лхамсүрэн “Хүрэн морь” физикл жүжгийг найруулан амжилттай тоглож олон улсын театрын тайзанд Монгол улсын театрын сургалтын хөгжлийг таниулан сурталчилах ажлыг хийсээр иржээ. 2023 онд Румын улсын Сибиу хотноо зохион байгуулагддаг Сибиугийн олон улсын театрын 30 дахь удаагийн фестивалийн Театрын сургуулиудын хэсэгт Д.Урианхайн “Чингис” физикл жүжгээр шалгаран оролцсон бөгөөд уг жүжгээрээ Вьетнам улсын Фантай мужийн Бинтуан хотод зохион байгуулагдсан олон улсын тайзны урлагийн анхдугаар фестивальд уригдсан оролцсон байна.
СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн ирээдүйтэй шинэ залуу боловсон хүчин болохоо нотлон 2017 онд СУИС-ийн захирлын нэрэмжит шагнал, 2019 онд СУИС-ийн “Шилдэг залуу багш”, 2021 онд Театрын урлагийн сургуулийн “Шилдэг залуу” багш, 2017 онд Соёлын тэргүүний ажилтан, 2023 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдсан байна.
Театр 360° – Бидний урилгыг хүлээн авч ярилцах цаг гаргасанд баярлалаа. Театрын найруулагч болох хүсэл тань хэрхэн үүссэн бэ? Энэ мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн бэ?
У.Дэлгэрбуян – Арван жилийн 8-р ангид байхдаа уран зохиолын хичээл дээр театрын найруулагч Э.Оюуны тухай үзсэн юм. Тэгээд бие даалтныхаа сэдвийг энэ найруулагчийн амьдрал, уран бүтээлээр хийхээр сонгосон. Тэр үед найруулагч хүний ухаан, мэргэжлийн онцлогийг уншиж таниад сэтгэл их хөдлөж байсан. Тэгээд Оюун гуай шиг Монголдоо дуурсагдах эмэгтэй найруулагч болно доо гэж мөрөөдөж эхэлсэн.
Театр 360° – Найруулагчийн ажлын гараагаа хэрхэн эхэлсэн бэ? Анхны бүтээл?
У.Д – Монгол улсын Соёл урлагийн их сургуульд найруулагч мэргэжлээр суралцаж эхлээд илүү дурлах болсон. Оюутан байхдаа дэлхийн театрын өдрөөр жил бүр зохион байгуулагддаг оюутны урлагийн 3.27 наадамд “Шилдэг найруулагч”-ийн шагнал авахыг ихэд мөрөөддөг байлаа. 1-3 курс хүртэлээ авч чадаагүй. Харин 4-р курст ороод Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн хэсгийг найруулан ороод хүсэн мөрөөдсөн “Шилдэг найруулагч” шагналаа авч байсан юм. Сургуулиа төгсөөд багшлах болсоноор сургалтын уран бүтээлүүд дунд байнгын амьдрах болсон. Бие даан хийсэн хамгийн анхны бүтээл бол 2013 онд “Гэгээн муза” наадмын моно жүжгийн төрөлд өрсөлдсөн Эдвард Радзинский “Харчуудыг будаа болгоё” моно драм байсан.
Театр 360° – Шинэ залуу найруулагчийн хувьд тулгарсан хамгийн том сорилт юу байсан бэ?
У.Д – Мэдээж уран бүтээл хийх орон зай, төсөв. Найруулагч хүн бүтээлээс бүтээлийн хооронд практик туршлага олж авч, мэдлэгийн хүрээ тэлж байдаг. Уран бүтээл хийхгүйгээр сайн найруулагч гарна гэж байхгүй. Алдаатай ч оноотой ч хийж байж сайжирна. Гэвч уран бүтээл хийх театр, хөрөнгө мөнгө олох хэцүү. Гэхдээ үнэхээр хүсвэл “тэнгэр нураад ирсэн ч орох газар олдоно” гэдэг шиг арга ухааны олохын тулд тасралтгүй тэмцэх хэрэгтэй.
Театр 360° – Театрын салбарт эмэгтэй найруулагчийн хувьд ажиллахад ямар давуу болон бэрхшээлтэй талууд тулгардаг вэ?
У.Д – Бэрхшээлтэй зүйл олон бий. Заримдаа найруулагчийг эртнээс эр хүний ажил, мэргэжил мэт ойлгосон хүмүүс ч их бий, эсвэл эмэгтэй хүний удирдлаган дор ажиллах нь буруу мэт боддог ч хүмүүс бий. Гэхдээ орчин үед энэ хандлага багассаар байгаа гэж харагддаг. Цаашдаа бүр алга болох биз.
Театр 360° – Таны найруулгын арга барилд нөлөөлсөн эмэгтэй найруулагч эсвэл уран бүтээлчид бий юу?
У.Д- Миний багш МУАЖ, найруулагч, сурган хүмүүжүүлэгч Б.Мөнхдорж “Найруулагч” хэмээх эрхэм мэргэжлийг сонгон анх оюутны ширээнд суухад минь их л сонирхож байсан. Үргэлж л эмэгтэй хүн найруулагч болох хэцүү гэж хэлдэг байлаа. Нэг удаа багшийн ширээнийхээ хажууд суулгаад “Чи найруулагч болохын тулд 3 удаа амьдрал зохиож үзсэн байх ёстой” гэж билээ. Тухайн үедээ сайн ойлгоогүй ч ажлын талбарт гарч ирээд 3 удаа амьдрал зохионо гэдэг хичнээн амьдралын туршлага хуримтлуулж, хүний мөс чанар, сэтгэл зүй, зовлон жаргалыг туулж үзсэн туршлагатай байж сая нэг найруулагч болж чанартай уран бүтээл туурвих юм байна гэдгийг мэдсэн. Гэхдээ багш минь цаг үргэлж надад итгэж дэмждэг байсан. Төгсөх курсын хамгийн том, сүүлийн дипломын жүжгийн найруулагчаар намайг сонгож байсан. 2011 онд Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийг багшийнхаа заавар, зөвөлгөөг авч, анги хамт олонтойгоо амжилттай тавьж байсанаа одоо ч байнга эргэн санадаг. Ажлын талбарт гараад СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Найруулах жүжиглэх урлагийн тэнхимийн эрхлэгч, найруулагч, багш М.Ариунжолоо багшаас олон ч зүйлийг сурсан. Миний хувьд миний мэддэг, биширдэг 2 эмэгтэй найруулагчид нь Төрийн шагналт, МУАЖ, найруулагч Э.Оюун, МУСТА М.Ариунжолоо нар юм.

Театр 360° – Та өөрийн найруулгын хэв маягийг хэрхэн тодорхойлох вэ? Дахин дахин ашигладаг арга техник, сэдэв бий юу?
У.Д – Найруулагч хүн үргэлж шинэ соргогийн эрэлд гарч байх ёстой. Энэ ч утгаараа оюутан байх цагаасаа багшийнхаа судалж уран бүтээлдээ арга барилыг нь ашиглаж ирсэн ОХУ-ын найруулагч, сурган хүмүүжүүлэгч В.Э.Мейерхольдийн “Нөхцөлт театр” /”Болзолт театр ч гэж нэрлэдэг/, “Биомеханик” аргачлалыг сонирхох болсон. Судалгаа хийж явсаар магистрын зэргээ ч В.Э.Мейерхольдийн биомеханик аргачлал сэдвээр хамгаалсан. Цаашлаад дамжин явсаар пластик жүжиг, физикл театрын урсгалд дурлах болсон. Физикл театрын төрлөөр хэд хэдэн уран бүтээл хийж олон улсын театрын фестивалиудад оролцож амжсан. Физикл жүжигт уран сэтгэмж, бэлгэдэл, зүйрлэлийн арга ихээхэн ашиглагддаг. Энэ ч утгаараа ямарваа нэгэн зүйлийг хөдөлгөөн, ая шум, гэрэл, жижиг хэрэглэлээр зүйрлүүлэх аргыг их ашигладаг.
Театр 360° – Театрын найруулгын хамгийн сонирхолтой хэсэг нь юу вэ?
У.Д – Дэлгэцийн бүтээлд техник, технологийн тусламжтайгаар найруулагч уран сэтгэмжээ ямар ч хэлбэрээр илэрхийлэх боломжтой байдаг бол театрын хувьд орон зай, цаг хугацаа, техник, технилогийн хязгаарлагдмал орчинд уран сэтгэмжээ ашиглах нь илүү сонирхолтой санагддаг. Түүнийгээ үзэгчдэд хүргээд хэрхэн хүлээн авч, ойлгож байгааг нь харах маш сонирхолтой.
Театр 360° – Жүжгийн зохиолчийн үзэл санааг хадгалахын зэрэгцээ өөрийн гэсэн өнгө төрхийг хэрхэн бий болгодог вэ?
У.Д – Жүжгийн зохиолыг анх уншиж эхлэсэн цагаас эхлээд зохиолч энэ зохиолоороо юуны тухай хэлэх гэж, юунд эмзэглэж бичсэн бэ? гэсэн эрэл хайгуул дунд эргэлддэг. Янз бүрийн талаас нь задалж ярилцаж, судласнаар эрлийн үзүүрээ атгаж аваад тухайн цаг үедээ энэ зохиолын санааг хэрхэн ирүүлэх вэ? гэсэн бодолд найруулагч автана. Үүний дараа түүнийгээ үзэгчдэд хэрхэн хүргэх вэ? гэж найруулгын шийдлүүдээ бүрдүүлж, сонгож эхлэнэ. Түүний дараа үйлдвэрлэлдээ орсоноор тухайн зохиолоор дамжуулан өөрийн онцлогийг илэрхийлсэн бүтээл бий болдог гэж боддог. 2018 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Азийн Театрын Сургуулиудын (АТЕС) фестивальд бид баг хамт олноороо оролцсон юм. Миний хувьд Испанийн зохиолч Гарсиа Лоркагийн “Цуст хурим” жүжгийг монгол хөрсөн дээр буулган физикл хэлбэрээр тавихад гадаадын үзэгчдийн хүлээн авалт хэр байх бол гэдгээс ихэд эмээж байсан. Гэхдээ жүжгийн зохиолчийн зохиолоороо хэлэх санааг алдагдуулаагүй учир хамгийн шилдэг “Best production” гэсэн шагналыг авч чадсан.

Театр 360° – Дасгал сургуулилтын үед ашигладаг шинэ, өвөрмөц арга барил бий юу?
У.Д – Миний хувьд уран бүтээлийн ая маш чухал байдаг. Зохиолоо сонгож авсан цагаас эхлэн тэр зохиолыг илэрхийлж чадах ямар нэгэн хөгжмийг сонгоод зохиолоо унших бүртээ сонсдог. Энэ нь тухайн зохиолыг уншиж байхад давхар дүрслэн харалтыг илүү тодруулж өгдөг юм шиг санагддаг. Яг үүнтэйгээ адилхан сонгосон аянуудаа жүжигчиддээ сонсгоод тухайн үед төрсөн сэтгэгдэлээрээ хөдөлгөөн хийлгэх, дараа нь оноосон дүрийнхээ өмнөөс тухайн хөгжим дээр хөдөлгөөн хийвэл ямар байх вэ гэж бодон хөдөлгөөн хийлгэдэг. Энэ нь физикл жүжгийн хувьд давхар давхар олон үр дүнг үзүүлдэг. Нэгт жүжигчдийн хөдөлгөөний эвсэл, илэрхийлэмж, уран сэтгэмжийг таньж мэдэх, хоёрт жүжигчин өөрөөрөө дамжуулан дүрээ анх удаагийн сэтгэгдэлээр хэрхэн илэрхийлж байгааг харж болдог. Бүр цаашлаад жүжигт ашиглагдах зарим нэгэн хөдөлгөөний илэрхийлэмжийг олж харах боломж олгож болдог.
Театр 360° – Эмэгтэй найруулагчийн зүгээс найруулгын явцад эмэгтэй дүрүүдийг бүтээх, илэрхийлэхэд хэрхэн анхаардаг вэ?
У.Д – Эмэгтэй дүрүүдийг илүү их хайрлаад байдаг гэх юм уу. Эмэгтэй хүний мөн чанар юу вэ? Ялгагдах онцлог юу вэ? Эмэгтэй хүний илэрхийлэмж, зүйрлэлүүд юу гэдэгт анхаарлаа хандуулах тусам илүү хайрладаг байх. Мэдээж өөрөө эмэгтэй хүн учир илүү сэтгэл хөдлөлтэй ханддаг. Физикл жүжигт эмэгтэй дүрүүдийн үүрэг их санагддаг. Илэрхийлэх хөдөлгөөний сонголт, үйлдлүүд үзэгчдийн сэтгэлд хүрэх нь элбэг байдаг. Тэгэхээр найруулагчийн хувьд эмэгтэй дүр, эмэгтэй жүжигчид маш том үүрэгтэй.
Театр 360° – Таныг хамгийн их сорьсон бүтээл тань аль нь байсан бэ?
У.Д – Миний хувьд 2019 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан АТЕС-ийн форумд урилгаар оролцсон Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн физикл жүжгээ хийхэд ихээхэн сорилтууд тулгарсан. Жүжгийн дүрүүд маань хүн болон амьтан хоёрын хоорондын холбоог харуулсан байсан. Гэвч тайзан дээр аль, аль дүрийг нь жүжигчин хийх учир амьтан хүн хоёрын ялгааг хэрхэн харуулах вэ? гэсэн асуулт ихээхэн хүндрэлтэй байлаа. Үзэгчид ялган харах болов уу? Хоорондын холбоог хэрхэн тоглуулах вэ? Амьтны хөдөлгөөн, характерийг хэрхэн тодруулах вэ? Эдгээрийг хэрхэн хөдөлгөөнөөр илэрхийлэх вэ? гээд олон асуулт урган гарч ирж байлаа. Энэ жүжгээрээ судалгаа хийнэ гэдэг уран бүтээлийн хамгийн том суурь болдог юм байна гэдгийг мэдэрсэн. Мөн найраглалыг жүжгийн зохиол болгон тэр дундаа хөдөлгөөнөөр илэрхийлна гэдэг амаргүй даваа байсан.

Театр 360° – Таны найруулагчийн карьерт онцгой үүрэг гүйцэтгэсэн жүжиг эсвэл төсөл байна уу?
У.Д – Хувь хүний хувьд ч уран бүтээлчийн хувьд ч онцгой үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлийн төсөл бол “Чингис” төсөл юм. Д.Урианхайн “Чингис” жүжгийн зохиолоор физикл жүжиг найруулах саналыг төслийн удирдагч Д.Мөнхтуул тавьсанаар энэ уран бүтээл эхэлсэн. Жүжгийн үйл явдал хурц, түүхэн хүний тэр дундаа Дэлхийд нэр нь түгсэн хүний тухай физикл төрлөөр жүжиг хийнэ гэдэг сонирхолтой, бас айдастай байсан. Тухайн үед дэмжиж тусласан хүмүүстээ их баярладаг. Төслийг дэмжсэн СУИС, ТУС-ийн захиргаа, Д.Урианхайн сан, төслийг санаачилсан Д.Мөнхтуул болон зөвлөх найруулагч М.Аринжолоо багш, уран бүтээлч залуу багш нарын хамтын хүчээр бид “Чингис” физикл жүжгээрээ 2023 оны 6-р сард Румын улсын Сибиу хотод зохион байгуулагдсан 30 дахь удаагийн “Тайзны урлагийн маркет”, олон улсын театрын фестивальд Монгол улсаас анх удаа оролцсон. Төслөөс гарсан нэг том үр дүн бол СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн дэргэд залуу багш нар, уран бүтээлчдийг дэмжих “Театр лаб” продакшн байгуулагдсан. “Театр лаб” продакшн маань М.Ариунжолоо багшийн найруулга Л.Вороны “Чемодан доторх хувь тавилан” жүжгийг МУАЖ С.Сарантуяа, СТА багш Э.Нарангэрэл нартайгаа хамтран 2024 онд тайзнаа тавьсан бөгөөд хөдөө орон нутгаар тоглолт зохион байгуулаад байна. Одоо дараагийн уран бүтээл болох СУИС-ийн санхүүжилттай “Иртэнчүү” физикл жүжгээ хийхээр бэлтгэл ажилдаа орсон.

Театр 360° – Жүжигчидтэй хэрхэн хамтарч ажиллаж, тэдний чадварыг хэрхэн гаргаж ирдэг вэ?
У.Д – Би хувьдаа үргэлж л өөрийн үеийн залуу уран бүтээлчидтэй ажилладаг. Хамтдаа нэг баг учир ярилцаж нэг нэгнээ таних хамгийн чухал санагддаг. Тухайн жүжигчнээ мэддэг байхад оноосон дүрээ хэрхэн гаргуулах арга ухаанаа олж чадна. Жишээ нь хүчтэй эрмэлзэлтэй, өөрийн бодолдоо хэт үнэнч нэгэнд зөвлөх нэг өөр, ур чадвар байвч дүрийн мөн чанараа олохгүй төөрөлдөх нэгэнд зөвлөх нэг өөр. Ингэж ажилладаг маань багшийн ажилтай маань ч холбоотой байж магадгүй. Физикл жүжигт маш сайн бүжгийн суурьтай, эсвэл заавал бүжиглэдэг, уран нугардаг нэгэн тоглох ёстой гэж би боддоггүй. Сэтгэлийн хөдөлгөөнийг ямар ч хөдөлгөөнөөр илэрхийлж болдог. Зөвхөн зөв газарт зөв үйлдэл, хөдөлгөөнийг л сонгох хэрэгтэй. Тиймээс урам зориг өгч ажиллах нь илүү уран бүтээлч хандлагыг нэмж, цаг хугацаа ч хэмнэдэг.
Театр 360° – Эмэгтэй уран бүтээлчдэд зориулсан илүү боломж, орон зай бий болгоход таны оруулж буй хувь нэмрийг та яаж харж байна вэ? Өнөөгийн залуу найруулагчид өмнөх үеийнхнээс юугаараа онцлог вэ?
У.Д – Өнөөгийн залуу найруулагчдад уран бүтээлийн эрх чөлөө илүү байна. Найруулгын шийдэлдээ илүү шинэ арга барилыг ыг ашиглах боломж их бий. Театрын шинэ шинэ урсгал, төрлүүд ч гарч ирсээр байна. Ялангуяа эмэгтэй найруулагчдийг хүлээн зөвшөөрөх нь өмнөх үеэс илүү болсон. Театрын хувьд залуу бас эмэгтэй найруулагчид судалгаа, мэдлэгийн хүрээгээ тэлж орчин үеийн шинэ урсгал чиглэлтэй танилцаж, боломж олдвол гадаадын театруудын урт болон богино хугацааны сургалтад сууж өөрийгөө хөгжүүлж чадвал ирээдүйн үзэгчдийн эрэлтийг мэдэрсэн уран бүтээлүүдийг тавьж чадна гэж бодож байна. Миний өөрийн зорилго ч яг энэ бодлын дагуу физикл театрын төрлөөр жүжиг хийж олон улсын театрын тайзан дээр тоглон туршлага хуримтлуулж, суралцах зүйлээ сурч мэдэх юм. Оюутнуудтайгаа ч энэ тухай ярьж, мэдээлэл өгөхийг хичээдэг.
Театр 360° – Театрын салбарт эмэгтэй найруулагчдын тоо нэмэгдэж байна гэж та боддог уу? Энэ тал дээр ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ?
У.Д – Орчин үед эмэгтэй хүнийг үнэлэх үнэлэмж улам бүр өөрчлөгдсөөр байгаа. Салбар бүрт манлайлагч эмэгтэйчүүд их болсон. Энэ ч утгаараа урлагийн салбарт эмэгтэйчүүдийн орон зай бий болсоор байгаа гэж боддог. Дэлгэцийн бүтээл дээр хэд хэдэн эмэгтэй найруулагчид гарч ирэн уран бүтээлээрээ дэлхийн томоохон кино наадмуудад улсынхаа нэрийг өргөж явааг сонсдог. Театрын уран бүтээлийн хувьд эмэгтэй найруулагчид арай цөөхөн санагддаг. Pro театрт тавигдсан “Инээмтгий хүн” жүжгийн найруулагч эмэгтэй хүн байгааг хараад хувьдаа их баярласан. Цаашдаа эмэгтэй хүний нарийн ухаан, уран сэтгэмжээр театрын салбар улам хүчирхэгжиж олон эмэгтэй найруулагчид гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Театр 360° – Үзэгчдийн хүлээлт хэрхэн өөрчлөгдөж байна гэж харж байна вэ? Найруулагчийн хувьд үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ?
У.Д – Техник технологийн хөгжил улам хурдацтай явагдаж буй энэ цаг үед үзэгчдийн эрэлт хэрэгцээ, сонирхол дагаад өөрчлөгдсөөр байна. Холливуд болон Солонгос киноны нүсэр давалгаанд орсон энэ цаг үед амьд урлаг болох театрын уран бүтээлийн мөн чанарыг ойлгож, сэтгэхүйн таашаал авах үзэгчид ховордоод байх шиг санагддаг. Энийгээ дагаад ч дэлхийд театрын төрөл зүйлүүд шинээр гарч ирж байгаа. 5 жилийн өмнө гэхэд л физикл театр гэж сайн мэддэггүй байсан. Гэтэл ойрын жилүүдэд тавигдаж буй ихэнх жүжгүүдэд физикл элементийг ашиглах болсон байна. Энэ нь үзэгчдийн сонирхол, эрэлттэй шууд холбоотой гэж боддог. Тиймээс физикл төрлөөрөө цаашдаа уран бүтээл туурвина гэж боддог.
Театр 360° – Театрын салбар дижитал эринд хэрхэн дасан зохицож байна гэж боддог вэ? Та тайзны урлагийг дижитал элементүүдтэй хослуулан найруулах хүсэлтэй юу?
У.Д – Техник технологи, дижитал элементүүдийг найруулгадаа ашигласан туршлага дэлхийд их бий. Бид мэдээж суралцах ёстой. Нэгэнт эрин үеээ даган уран бүтээлүүд өөрчлөлтөнд орж л таарна. Гэвч мөн чанараа л алдахгүй байх ёстой гэж боддог. Театр нь өөрөө үзэгч, жүжигчин хоёрын дунд амьд харилцааг бий болгодгоороо бусад урлагийн төрлөөс ялгаатай. Тиймд энэ мөн чанараа хадгалан тодорхой хэмжээгээр технологийн дэвшлийг ашиглах боломжтой.
Театр 360° – Эрэгтэй найруулагчидтай харьцуулахад эмэгтэй найруулагчдад тулгардаг гол ялгаа юу вэ?
У.Д – Найруулагчаар сурч байгаа оюутуудаа ажиглахад эмэгтэй оюутнуудад зориг, шийдэмгий байдал дутмаг, эрэгтэй оюутнуудад нарийн ажиллагаа, ажиглалт дутуу мэт санагддаг. Төгсөж гараад ч эмэгтэй найруулагчид зориг дутаад ч тэр үү тэр болгон уран бүтээл бие даан хийх гараа нь удаашралтай байдаг санагддаг.
Театр 360° – Театрын найруулагчаар карьераа эхлүүлэх гэж буй залуу эмэгтэй уран бүтээлчдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
У.Д – Найруулагч хүнд байх ёстой бас нэгэн чанар бол алдахаас айхгүй байх гэж багш маань хэлдэг байсан. Энэ үгийг үргэлж зүрх сэтгэлдээ тээж явсаар далд ухамсарт маань суучихсан юм шиг заримдаа санагддаг. Үүнийгээ дагаад хэд хэдэн кино болон романыг жүжгийн зохиол болгон бичээд сургалтын уран бүтээл болгон тайзнаа тавьсан. “Улаан дэнлүүт асар”, “Шанхайн сүүлчийн дуу”, “Дайны цэцэгс”, “Шадар гурван цэрэг ба Дарьтанян”, “Ширэнгэд”, “Алладин ба мянга нэгэн шөнийн үлгэр”, “Харри Поттер ба гэрэл сорогчид” гээд өөрийн үзэх дуртай кино, романуудыг жүжгийн зохиол болгон бичиж М.Ариунжолоо багштайгаа хамтран “Дүр урлан” жүжгийн зохиолын түүвэр гаргасан. Уран бүтээлийн орон зай хязгааргүй шүү дээ.
Театр 360° – Таны мөрөөдлийн жүжиг эсвэл төсөл юу вэ? Ирээдүйд ямар бүтээл дээр ажиллахыг хүсэж байна вэ?
У.Д – Ирээдүйд олон зүйлийг хийж, туршихыг хүсэж байна. Үүний тулд суралцах зүйл ч олон байна. Тухайлсан жүжиг нэрлэ гэвэл багаас мөрөөддөг байсан Брам Стокерсийн “Харанхуйн хунтайж” романыг жүжгийн зохиол болгож тайзнаа тавихыг хүсдэг. Зарим нэгэн хүнд энэ нь хэт фантазтай санагдаж болох боловч найруулагчийн уран сэтгэмжийг жинхэнэ харуулсан уран бүтээл болно гэж боддог.
Театр 360° – Шинэ үеийн найруулагчдад зориулан театрын салбарт өөрчлөлт хийх боломж байсан бол юуг өөрчлөх байсан бэ?
У.Д – Энэ тухай байнга боддог. Чадалтай, өгөгдөлтэй олон залуу найруулагчид манай сургуулийг төгсөн гарч байна. Гэвч театрын салбарт ажлын байрны хүрэлцээ муу учир гарч ирэх хэцүү байдаг. Миний бодлоор бага тайз буюу камерны театрыг үзэгчдийн хэрэгцээ болгож чадвал маш том орон зай бий болно гэж боддог. Залуу уран бүтээлчид хөгжиж, нүсэр тайз, чимэглэлгүй жинхэнэ үзэгч, жүжигчний амьд харьцаа бий болсон театрууд олноороо бий болох юм шиг санагддаг.
Театр 360° – Эмэгтэй найруулагчид илүү дуу хоолойгоо өргөх боломжтой байхын тулд салбар хэрхэн сайжрах ёстой гэж та бодож байна вэ?
У.Д – Мэдээж эмэгтэй, эрэгтэй гэлтгүй ямарваа нэгэн уран бүтээлээр өөрийгөө харуулж байж салбартаа танигдан дараагийн уран бүтээл хийх зам тавигдана. Гэвч уран бүтээл хийх санхүү төсөв, орон зай дутмаг шүү дээ. Тиймээс мэргэжлийн театрууд тухайн цаг үедээ хийх гэж буй уран бүтээлдээ ядаж жилд нэг удаа нээлттэй сонгон шалгаруулалт хийж шийдэл, төслийг нь сонсдог бол залуу уран бүтээлчид төрөх боломж нэмэгдэнэ гэж боддог.
Театр 360° – Та найруулагчийн хувьд ямар өв, бүтээл үлдээхийг хүсэж байна вэ?
У.Д – Монгол улс нь өв, соёлын арвин уурхай болсон түүх, соёлтой улс. Дэлхийн аль ч улс оронд өв соёлоо шингээсэн уран бүтээлээ үзүүлэхэд шагшин хүлээж авдаг. Цаашдаа физикл театрын төрлөөр монгол уламжлалт өв соёлоо хадгалсан бүтээлүүд хийхийг бодож байна. Түүнийгээ дэлхийн улс орнуудад тоглон сурталчлах хүсэл их бий.
Театр 360° – Цаг зав гарган “Театр 360°” дижитал сэтгүүлийн маань “Уран бүтээлчийн ертөнцөөр” ярилцлагын булангийн анхны зочин болж ярилцлага өгсөнд баярлалаа. Шинэ уран бүтээлд нь амжилт хүсье. Удахгүй шинэ уран бүтээлийн тань талаар шимтэн ярилцах завшаан олдоно гэж найдаж байна.
У.Д – Залуу уран бүтээлчийн хувьд урьж ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье.