ХОЁР ТУУЛАЙ ХӨӨСӨӨР ХООСОН ХОЦОРСОН “БҮСГҮЙ”
П.БАТХУЯГИЙН НЭРЭМЖИТ “ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛИЙН УРАН САЙХНЫ ШҮҮМЖ БИЧЛЭГ”-ИЙН УЛСЫН IX УРАЛДААНЫ ОЮУТНЫ АНГИЛАЛД ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН МУИС-ИЙН “УРЛАГ СУДЛАЛ” ХӨТӨЛБӨРИЙН III ТҮВШНИЙ ОЮУТАН Д.НОМИНЗАЯА
Кино гэдэг бол хүрээнд байгаа болон хүрээнээс гаднах зүйлсийн тухай юм. Найруулагч Мартин Скорсезе
Кино урлагт хайртай үзэгч хүний хувьд сүлийн жилүүдэд Монголын кино урлагт олон төрөл жанрын шинэ бүтээлүүд хүч түрэн орж ирж байгааг харах туйлын таатай. Түүний нэгэн жишээ нь “biography[1]” (цаашдаа сэдэвчилсэн гэж явна) буюу намтарчилсан сэдэвчилсэн бодит хүний амьдрал, үйл явдал, амжилт, сорилтыг уран сайхны хэлбэрээр дүрслэн өгүүлдэг киноны төрөл юм. Ихэвчлэн улс төрчид, эрдэмтэд, уран бүтээлчид, спортын тамирчид зэрэг түүхэн болон алдартай хүмүүсийн түүхэнд суурилдаг бөгөөд бодит баримтыг драматик өгүүлэмжтэй хослуулж, үзэгчдэд сонирхолтой байдлаар хүргэдэг. Монголд дэлгэрээд удаагүй ч дэлхий дахины кино урлагтай зэрэгцэн гарч ирсэн тус төрлийн түүхтэй танилцвал XIX зууны сүүл үеэс, кино урлаг үүссэн цагаас эхлэлтэй бөгөөд эхэн үе нь 1900-1940-аад оны хооронд үргэлжилжээ. Анхны сэдэвчилсэн кинонууд нь голдуу түүхэн зүтгэлтнүүдийн амьдралыг харуулж байсан бөгөөд голдуу урам зориг хайрласан сэдэлжүүлэх шинжтэй бүтээлүүд ноёлж байв. The Story of the Kelly Gang (1906) нь анхны бүрэн хэмжээний биографийн кино гэж тооцогддог. Удаагаар нь 1950-1970-аад онд үргэлжилсэн сэдэвчилсэн киноны эл үеийг судлаачид Алтан үе гэж үздэг. Учир юу вэ? гэвэл энэ үед сэдэвчилсэн кинонууд драмын гүнзгий өгүүлэмж, жүжигчдийн гайхалтай тоглолтоор хөгжин өргөжиж. Баримтат киноноос ялгарахгүй гэж маргаан дагуулж байсан алдаагаа засан илүү уран сайхны шинжээ олж эхэлсэн. Орчин үед буюу 2000-аад оноос хойш сэдэвчилсэн кинонууд илүү уран сайхны, баримтат болон уран сэтгэмж хосолсон хэлбэртэй болж, заримдаа бодит түүхийг шинэ өнцгөөс үзүүлдэг болсон. Зөвхөн гол дүр дээр суурилах бус гол дүрийг эргэн тойрны хүний нүдээр дүрслэх болсон нь тус төрөлд шинэ салхийг салхилуулж өнөөгийн байдлаар дэлхийн кино урлагийн зах зээлд энэ хэлбэр ноёлоод байна.
Манай орны сэдэвчилсэн кино бүтээгчид ч дэлхий дахинтай хөл нийлүүлж хэдий энэ төрлийн кино манай оронд шинэ байгаа ч арга хийцийн хувьд шинэдсэнгүй. Түүний томоохон жишээ нь хоёр мянга хорин таван оны нэгдүгээр сарын арван зургаанд нээлтээ хийж олны хүртээл болсон “Бүсгүй” уран сайхны кино бөгөөд магадгүй Монгол хүн бүрийн мэдэх “Хурд” хамтлагийн үүсэл түүхээс сэдэвлэгдэн бүтээгдсэн түүнчлэн Хурд хамтлагийн гучин жилийн ойд зориулагдсанаараа онцлогтой юм.

Киноны найруулагч Л.Базарсад нэгэн ярилцлагадаа “Гурван жилийн өмнө хийсэн бүсгүй дууны клип маань хүмүүст их хүрсэн тул кино болгохоор шийдлээ” хэмээн ярилцлага өгсөн ба үнэхээр л кино дууссаны дараа тус дууны клипний уртасгасан хувилбар нь л байв уу? хэмээх бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Шинийг салхилуулсан уран бүтээл хийхийг хичээв үү? аль эсвэл гучин жилийн ойгоороо дамжуулан клип нь дээрээ хамтлагаа хүчээр нэмж ёс болгоод өнгөрье гэж халтуурдав уу?
Юун түрүүнд тус бүтээлээс таалагдсан сэтгэл хөдөлгөсөн элементүүдээс дурдвал, production design -ий баг тухайн цаг үеийн уур амьсгалыг хувцас хэрэглэл, эдлэл хэрэглэл нэг бүрээрээ маш сайн бүрдүүлж яг л тухайн үед амьдарч буй мэдрэмжийг киноны орчноос мэдэрч байсныг онцлох нь зүйтэй. Киноны зураг авалт, өнгө тавилт өөр түвшинд гэмээр киноны гол үйл явдал өрнөлийг түр мартаад зөвхөн дэлгэцэн дээр үзүүлж буй зүйлс нь үнэхээрийн нүд баясгаж байсан. Хөгжим, дуугаралт нь чихэнд наалдаж мөн түүн дээрээ хурд хамтлагийн хит болсон дуунуудыг киноны score болгон ашигласан нь туйлын шинэлэг, киноны өнгө аясыг бүхэлд нь өөрчилж яг л илүү өндөр төсвөөр бүтдэг томоохон бүтээлүүдтэй ижил мэдрэмжийг өгч байсан нь манай уран бүтээлчдийн техникийн талын чадварууд өөр түвшинд гарч сайжирсныг сая л нэг анзаарав. Гэвч сайн нь бага саар нь их байсан нь харамсалтай.
Хамгийн том шүүмжлэлтэй санагдсан зүйл нь “Өө нээрээ Хурдын кино ш дээ ” гэмээр гэнэтийн шилжилт ихтэй, төвлөрсөн зүйл байхгүй, замбараагүй, нэг үзэгдлээс нөгөө үзэгдэл рүү огцом хувирч, хувирах бүрдээ киноны ерөнхий агуулга өрнөлтэй уялдсан зүйл байхгүй хоёр өөр киног хүчээр нэгтгэчхэв үү гэмээр байсан нь энэ бүтээлийг хойш татлаа. Нэгдүгээрт киноны маркетингийн баг алдаа гаргав уу? эсвэл анхны санаагаа угаас биелүүлж чадсангүй юу? Бүсгүй киноны хувьд киноны амин сүнс кино зохиолоо дутуу хөгжүүлсэн нь энэ киног муу гэж хэлэх анхны хундамыг тавьж цаашлаад дүрийн дутуу хөгжүүлэлт, замбараагүй өрнөл, кино жанрын ойлгомжгүй байдал нь чухам кино яг юуг өгүүлэхийг зорьсон юм бэ? гэх асуултыг тавихад хүргэж уран бүтээлчдийн зүгээс “Хүмүүсийн мэдэхгүй Хурд хамтлагийн түүхийг өгүүлэх кино” хэмээн зарласан хэдий ч бүтээсэн бүтээл нь тэдний түүх гэхээсээ илүү Romantic melodrama дундуур Rock хамтлагийн түүхийг хавчуулчихсан мэт бүр аль эсвэл Rock хамтлагийн түүх дээр Romantic melodrama хүчээр нэмсэн ч юм шиг хөл толгой олдсонгүй. Юу мэрүүлж, юуг өгүүлэхийг зорьж бүтээсэн бүтээл гэдэг нь хачирхалтай, олонд сурталчилахдаа хэлсэн зүйлс нь дэлгэц дээр буугаагүй үзэгчдээр тоглосон мэт олон тийшээ үсчиж зарим үйл явдал, мэдрэмжүүдийг хангалттай дэлгэцэн дээр үзүүлээгүй ч хүчлэн нүүрэнд тулгаж байсан гээд цөөн үгээр хэлэхэд өөх ч биш булчирхай ч биш, кино ч биш клип ч биш байв.
Цаашлаад бичсэн бичлэгүүдээ хооронд нийлүүлсэн мэт л өгүүлэмж үгүй Хурд гэж хамтлаг юу туулсан хөгжмөө хүмүүст яаж хүргэж чадсан хамтлагийн гишүүдийн хоорондын харилцаа ямар байсан тэр эргээгээд ямар нөлөөтэй гээд хурд дээр төвлөрсөн зүйл л бараг л үгүй нийгэм тэдний хөгжмийг эсэргүүцсэн дүрс гарсан ч яаж зөвшөөрүүлж юуг золиосолсон нь харагдахгүй, савхиа дээрэмдүүлсэн хэсгийг зөрчил дээр нэрлэж болох ч тэр хэсэг алсдаа ямар үүрэг гүйцэтгэсэн юуг харуулахыг зорьсон нь асуулдалтай. Харин нөгөө талаас гол хоёр дүрийн хөгжүүлэлт хангалтгүй хоорондоо chemistry ховор жүжигчид сайн, муу тоглолт үзүүлсэн нь үл хамаарч, байгаа зохиол нь хангалттай суурийг нь тавилгүйгээр шууд хайртай дуртай гэж итгүүлэн хоёр хүний дунд хайр үүсэхэд эмэгтэй нь хөөрхөн байхад л хангалттай мэт ердөө нэг өдөр мотоциклтой яваад л гурван жилийн дараа бие биеэ өгүүлэн санж хагацаж чадахгүй хайр тэдний дунд байна гэдэг дүрийн хөгжүүлэлттэй шууд холбоотой болов уу? Яагаад энэ эмэгтэйд залуу дурласан түүний юу таалагдаж яагаад түүнийг онцолсон нь битүүлэг бүсгүйн үзэсгэлэн гоо төрхийг магтсан харилцан яриа гарлаа гээд тэдний дурлалыг үнэ цэнтэй болгох нь юу л бол. Нөгөө талаас хурд гэж хамтлагийн түүхийг давхар үзүүлж буй хэдий ч энэ хамтлаг юуг зорьж байгаа юуг мэдрүүлэх ёстой юм гэдгээ бөөрөнхийлсөөр байгаад тоглолтоо хийчихсэн. Нийтийн тээвэрт дуулахад нь хөгшид эсэргүүцэж харагдах ч тэдний рок хөгжимд гол нь мэт харилцан яриа өнгөрнө түүний дараагийн үзэгдэл дээр бид энэ нийгэмд мэдрүүлэх ёстой өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлнэ гэж гарж харагдана. Гэхдээ 90ээд он ч бай одоо ч бай одоо ч бай нийтийн тээвэрт чанга дуулахад рок хамтлаг байна уу үгүй юу таалахгүй л болов уу? Харин эсрэгээрээ тайзан дээр дуулж байхад эсвэл гадаа нийтийн талбайд үзүүлбэр үзүүлэхэд нь хүмүүс эсэргүүцэж буруушаавал энэ хэсэг илүү жинтэй болох байсан болов уу? Хайр дурлалын түүх хурд хамтлагийн эхлэл хоёрыг жүжигчин Ариунбямбын бүтээсэн Чинбатын дүрээр холбохыг хичээсэн ч доголонгийн газар сохроор, сохрын газар доголонгоор явж хангалттай rock хамтлагийн түүх ч биш romantic melodrama ч биш аль алийг нь зэрэг өгүүлэхийг, уялдуулахыг хичээсэн ч огцом шилжилт зохиолын дутуу хөгжүүлэлтээс хамаарч хоёр тийшээ үсчсээр адаг сүүлд нь хоосон л хоцорлоо.
Хоёрдугаарт гол дүрийн бүсгүйн дүрийн хөгжүүлэлт нэг л хачирхалтай сонсгол нь асуудалтай болсон хөөрхөн эмэгтэй. Түүний шийдвэрүүд нь хачирхалтай, үйлдэл нь хачирхалтай, киноны хоёрдугаар хагасаас байж сууж ядсан объект л болоод дууслаа. Түүний дүр романтик харилцаанд зориулсан гоо үзэсгэлэнгийн объект мэт дүрслэгдсэн яг эрэгтэй хүний харцанд тоогдох гэж л амьдарч буй мэт “Би багадаа аавыгаа хүлээдэг байсан, Одоо нөхрөө хүлээж байна” гэж нөхрийнхөө араар уулзаж буй залуудаа хэлж байгаа харагдсан нь Male gaze-д өртөхгүй л бол амьдарч чадахгүй бүсгүйн жишээ буюу. 1970-аад оны кино урлагт дэрслэгдэн үлдсэн хуучин цагийн хэвшмэл эмэгтэй дүрүүдийг санагдуулам (Mulvey, 1975). Түүний шийдвэрүүд өөрийнх нь санаачилгаас биш, харин эрэгтэй дүрийн үйлдлээс хамаарч өөрчлөгдөж байв. Нөхөр нь өөрийнх төлөө өөрийг нь хаяж явдгийг мэдээд эргээд нөхөр лүгээ тэмүүлж, өөрт дуу зохиосныг мэдээд өөр залуу руу тэмүүлж яваа харагдсан нь Judith Butler-ийн энэхүү онолыг илүү дэмжиж гол дүрийн бүсгүй өөрийгөө объект болгосоор өөрийн үзэл бодолгүй орчин цагийн кино урлагт хоцрогдсон хэвшмэл дүр болж хоцорлоо (Butler, 1990). Хэрэв уг дүрийг илүү бодитой, бие даасан болгон харуулбал, кино илүү хүчтэй илүү төвлөрсөн зүйлтэй бүсгүй хоёр туулай хөөгөөд ядаж нэгийн барьж кино маань ч аль нэг төрөл жанраа олж кино шиг кино болох байв.
Эцэст нь дүгнээд хэлэхэд Монголын кино урлагт намтарчилсан бүтээлийн анхдагчдын нэг болсон “Бүсгүй” кино нь нийт үзэгчдийн дийлэнх хувьд нь таалагдсан нь сайшаалтай ч цаашдаа энэ жанрын бүтээл илүү олон бүтээгдэхийн хэрээр бид илүү шүүмжлэлтэй хандаж түүнийгээ дагаад уран бүтээлчид ч чадваржих биз. Бүсгүй кино нь дүрийн хөгжүүлэлт, зохиолын уялдаа, уран сайхны шийдлийн хувьд олон сул талтай байсан ч техникийн хувьд Монголын кино урлагийн хөгжилд ахиц гаргасан. Гэвч дүрүүдийг илүү гүнзгийрүүлж, зохиолын бүтцийг сайжруулсан бол илүү сайн кино болох байлаа.
Ном зүй:
Altman, R. (1999). *Film/Genre*. British Film Institute.
Butler, J. (1990). *Gender trouble: Feminism and the subversion of identity*. Routledge.
Mulvey, L. (1975). Visual pleasure and narrative cinema.
Nowell-Smith, G. (Ed.). (1996). The Oxford history of world cinema. Oxford University Press.
[1] Сэдэвчилcэн, намтарчилсан уран сайхны кино