Южин О’Нилл (1888-1953)
Америкийн жүжгийн зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг Южин О’Нилл нь Стриндберг, Ибсен нарын үндэслэсэн реализмын уламжлалыг Америкд хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд түүний Анна Кристи (1921) зэрэг жүжгийн зохил бичиж эхэлсэн үеийн жүжгүүд нь Европын реализмын арга барилыг америкчуудад танилцуулсан байна. Америкчуудын хувьд реализм нь дэлхийн I дайныг хүртэл театрын тайзнаа ноёрхож байсан сэтгэл хөдөлгөсөн инээдэм, уянгын драмаас тэс өөр төрөл зүйл байсан юм. О’Ниллийн “Хачирхалтай завсарлага” (1928), “Дайномо” (1929) зэрэг жүжгүүд нь экспрессионист хэв маягаар бичигдсэн бөгөөд түүний олон төрөл зүйлээр бичих чадвартай байсныг харуулж байв. Тэрээр эцгийнхээ амжилт гаргасан театрын төрөл зүйлийг таашаадаггүй байсан юм. Түүний эцэг Жеймс О’Нилл “Монте Кристо гүн” жүжгээрээр Америк даяар аялан тоглолт хийж тайзны од болон гялалзаж алдар нэр, эд хөрөнгөтэй болсон хэдий ч цорын ганц дүрийнхээ “хоригдол” болсон жүжигчин байв.

Южин О’Нилл жүжгийн зохиолуудаараа 1920-иод онд гурван удаа Пулитзерийн шагнал хүртсэн бөгөөд нас барсных нь дараа 1957 онд “Шөнө хүртэлх урт өдрийн аялал” 1941 онд бичсэн жүжигт нь дахин нэг удаа уг шагналыг хүртээж байжээ. Тэрээр 1936 онд Нобелийн утга зохиолын салбарын шагналыг хүртсэн байна. Амьд ахуйдаа нэг их амжилтанд хүрээгүй түүний жүжгүүд тэр дундаа нас барсных нь дараа хэвлүүлсэн жүжгүүд одоо ч Америкийн театрын тайзны тулгуур багана хэвээр байна.

Jessica Lange and Gabriel Byrne in Long Day’s Journey Into Night Joan Marcus
Залуу О’Нилл бусдын л адил мөрөөдөмтгий нэгэн байв. Принстоны их сургуульд нэг жил сурсныхаа дараа тэрээр сургуулиа орхин далайн аялалд гарчээ. Тэр зугаа цэнгэл хөөн явсаар Өмнөд Америкт ирсэн бөгөөд Буэнос Айрст бүрэн хоосорч халаасандаа сохор зоос ч үгүй болоод Америктаа буцан ирсэн байна. Ирснийхээ дараа 1 жил Харвардад сурахдаа тухайн үеийнхээ хамгийн алдартай жүжгийн зохиолын багш Жорж Пиерс Бэйкерээр хичээл заалгаж байжээ. Улмаар О’Нилл Массачусетсын Провинстаун руу шилжин суурьшсан бөгөөд тэнд театрт дурласан хэсэг хүмүүстэй нэгдсэний дотор жүжгийн зохиолч Сюзан Гласпел зэрэг хүмүүс байжээ. Тэд эхэндээ зочны өрөөндөө жүжиг тоглодог байснаа үзэгчдээ багтаахаа больсон тул Провинстауны Жүжгийн ордон нэртэй театр байгуулсан байна. Энд О’Ниллийн бичсэн анхны жүжгүүдийг тайзнаа тавьсан байна.
О’Ниллийн жүжгүүдийн сэдэв жирийн театрын үзэгчдэд таалагддаггүй байв. Хөнгөн наргиа, цагаан инээд эсвэл хөнгөн мелодрам, сайтар уйлуулдаг жүжгүүдэд дассан үзэгчдийн хувьд түүний ертөнцийг харах хар бараан өнцөг хэтэрхий тааламжгүй байдаг байв. Тэд хөнгөн зугаа цэнгэл хайн театр ирэхэд түүний жүжгүүд хүний оюун санааны доторх аймшигт төсөөллөөр дүүргээд гаргадаг нь үзэгчдэд таалагддаггүй байв. Анна Кристигийн (1921) эргэн тойрны баргар, өр өвтгөсөн уур амьсгал, “Үсэрхэг сармагчин” (1922) жүжгийнх нь нийгмийн доод ангийн уурын зуухны галчийн зэрлэг балмад байдал зэрэг нь Америкийн арилжааны театрыг санхүүжүүлэгч тав тухтай дунд давхаргын үзэгчдэд харийн зүйл байв. Тэднийхээр О’Ниллийн жүжгийн дүрүүд нь хэзээ ч хүртэж үзээгүй гэр бүлийн хайр энхрийлэл, зовлон шаналал, биелшгүй мөрөөдөл, хөнгөрөхгүй уйтгар гунигтаа бүрэн автсан мэт сэтгэгдэл төрүүлдэг байжээ. О’Нилийн гайхалтай авьяас чадвар, түүний жүжгүүдийн үзэгчийг татах хүчийг эс харгалзан үзэгчид ихэвчлэн яг юу гэж хэлэхээ мэддэггүй байв. Скандинавын реалист зохиолчдын бусдаар хүлээн зөвшөөрүүлсний адилаар үзэгчдийн түүний жүжгүүдээс авсан цочирдлын давалгаа л түүнийг хүлээн зөвшөөрөхөд хүргэж байжээ.
О’Ниллийн бүтээл туурвилын эхэн үеийн жүжгүүд театрын бүтээлүүдийн хэв маягийг олон янзаар туршин үзэж байснаараа онцлог байв. Тэрээр Грекийн жүжгийн үндсэн хэлбэрүүдийг ашиглахыг оролдож байсан нь шүүмжлэгчид Грекийн эмгэнэлт жүжигтэй адилтгаж байсан “Хайлаас модны доорх хүсэл тачаал” (1924), Эсхилийн “Орестиа” гурвал жүжгээс сэдэвлэсэн “Шаналал Электраг бий болосон” (1931) зэрэг жүжгүүдээс нь тодорхой харагддаг. Түүний бичсэн хамгийн нөлөө бүхий жүжгүүд нь түүний уран бүтээлийн хожуу үедээ бичсэн бүтээлүүд юм. Тухайлбал “Aй зэлүүд нутаг” (1933), “Үхлийн элч ирсэн нь” (1939), “Шөнө хүртэлх урт өдрийн аялал” (1939-1941), “Мисбеготтенд мандсан сар” (1943), 1957 онд нас барснаас нь хойш тайзнаа тавьсан “Яруу найрагчийн эмзэглэл” (1935-1942) гэх мэт.
О’Ниллийн хувийн амьдрал түүний эцэг болон ахынх нь архидалт, эхийнх нь мансууруулах бодисны донтолт зэргээс шалтгаалан байнгын сэтгэл санааны дарамттай байжээ. О’Нилл өөрөө ч архинд донтох өвчин, хувийн болон гэр бүлийн амьдралын тогтворгүй байдлаас үүссэн сэтгэлзүйн тогтворгүй байдалтайгаа байнга тэмцэж амьдарчээ. Түүний жүжгүүдийн хар бараан дүрслэлд түүний хувийн амьдрал ч нөлөөлсөн байж болох юм. Гэвч драмын жүжгүүд нь түүний хүмүүний сэтгэл санааны байдлыг ойлгох ойлголтынх нь тусгал юм. Хувь тавилангийн талаарх Грек жүжгүүдийн үзэл баримтлалыг өөрийн жүжгүүд дээр туршихдаа далд ухамсрын талаарх Фрейдийн онол, эр эм хүйсийн хүсэл тачаалдаа удирдуулах хүч, хүүхэд ахуй насандаа авсан цочролын хойшдын нөлөөллийг өөрийн тайлбараар баяжуулан хүчитгэж зөрчлийг хурцатгаж чаддаг байв. “Хайлаас модны доорх хүсэл тачаал” жүжиг нь Пуритан шашинт Нью Ингландын орчин газар нутгийн онцлогийг тусган бүх элементүүдийг нэг дор үзүүлж чадсан жүжиг бөгөөд хүмүүний чөлөөт хүсэл шуналын хэмжээ хязгаар болон бидэнд нөлөөлдөг хүчин зүйлсийн хүч чадлын талаарх түүний ойлголтыг төгс илэрхийлсэн бүтээл юм.

Latest
Latest
Categories


Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.