Жүжигчин дүр бүтээхэд судалбарын аргачлал яагаад зайлшгүй хэрэгтэй вэ?
Мягмардоржийн Ариунжолоо, Урлаг судлалын ухааны доктор (PhD), МУ-ын Соёл, Урлагийн Их Сургууль, Театрын Урлагийн Сургууль, Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн эрхлэгч

Жүжигчний сургалтын явцад нэг асуулт үргэлж гарч ирдэг нь “Тайзан дээрх дүр найруулагчийн бүтээл үү, эсвэл жүжигчний олж нээсэн амьдрал уу?”
Энэ асуултын хариу бол судалбар. Судалбар нь жүжигчнийг үг цээжилдэг “гүйцэтгэгч”-ээс, дүрийн утга учрыг үйлдлээрээ нээдэг уран бүтээлч болгож хувиргах хамгийн хүчтэй лаборатори юм.
Театр бол нийгмийн оюун санааны амьдралын чухал хэсэг бөгөөд хүнийг өөртэй нь, нийгэмтэй нь, цаг үеийнх нь асуудалтай нүүр тулган уулзуулдаг урлаг юм. Үзэгч тайзан дээр өөрийн амьдралын тусгалыг харж, хүний зан чанар, сэтгэл хөдлөл, сонголт, зөрчлийг танин мэддэг. Ийм учраас театрын урлагт жүжигчний гүйцэтгэх үүрэг онцгой. Жүжигчин хүн зохиолчийн санаа, найруулагчийн тайлбар, тайзны уур амьсгалыг амьд хүний бие, сэтгэлээр дамжуулан үзэгчдэд хүргэдэг гол зуучлагч юм.
Дэлхийн театрын урлагийн хөгжлийн түүхэнд жүжигчний ур чадварыг системтэйгээр судалж, сургалтын онол арга зүйн суурийг тавьсан хүн бол Оросын театрын найруулагч, онолч, жүжигчин К.С. Станиславский юм. Түүний боловсруулсан “система” нь жүжигчнийг дүрийн үнэн амьдралд хүрэхэд чиглэсэн цогц арга зүй бөгөөд өнөөдөр ч дэлхийн олон театрын сургалтын үндэс хэвээр байна.
Станиславскийн системийн нэг чухал ойлголт бол судалбар (этюд) юм. Судалбар нь жүжигчний сургалтын анхан шатнаас эхлэн хэрэглэгддэг бөгөөд дүрийн дотоод амьдралыг нээх, үйлдлийн логикийг ойлгох, импровизаци хийх, өгөгдсөн нөхцөлд амьдрах чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг.
Өнөө цагт театрын урлагт дүр бүтээх олон арга барил бий болсон ч жүжигчнийг бэлтгэх сургалтын суурь хэвээр үлдсэн нэг зүйл бол судалбарын арга юм.

“Жүжигчин хүн нь хүсээгүй байсан ч, шаардлаггүй гэж үзсэн ч судалбарын аргачлалаар өөрийгөө албадан ажиллуулах хэрэгтэй. Хэрвээ задаргаагаа хийсэн боловч судалбараа хийхгүй байвал гадаад үг цээжилчихээд түүнийгээ хэрэглэхгүй байхтай адил юм. Судалбарын аргачлалын хувьд модоор зүйрлэн авч үзвэл үйлдэл бол модны гол, үг бол модны навч юм. Сургуулилтыг тасралтгүй үйл хөдлөлд хийх нь ширээний уншлагаас тайзруу шилжих шилжилтийг хялбар болгоно. Задаргаа болон судалбар хоёр тусдаа оршин тогтнохгүй бөгөөд нэг нь нөгөөгөөсөө урган гарна. Задаргаа бол судалбарын хагас нь, судалбар бол үйлдлийн задаргаа юм.”
К.С.Станиславскийн систем анх боловсрон түүний залгамжлагчдын туршилтаар театрын практикт нэвтэрч, улмаар баруун Европ, Америкт, сүүлдээ Азийн улс орнуудад тархан түгэж олон улсын жүжигчний дэг сургалтын үндэс суурь болтлоо өргөжин тэлсэн юм. Судалбарын арга нь К.С.Станиславскийн системээс үндэс сууриа аван цаашлаад Оросод Н.В.Демидов, Америкт Ли Страсберг нар баяжуулан улам өргөжүүлсэн өөрсдийн аргыг боловсруулсан байна.
Судалбарын арга: Системээс үүдэлтэй сургалтын хувьсал
Станиславскийн үзлээр жүжигчний үйлдэл нь өгөгдсөн нөхцөлд зорилгодоо хүрэх үйл явц юм. Жүжигчин дүрийн ертөнцийг үзэх үзэл рүү өөрийгөө чиглүүлэн ажиллах ёстой гэж үздэг. Харин Страсбергийн онолд жүжигчний дотоод туршлага, сэтгэл хөдлөлийн ой санамж илүү чухал байр суурь эзэлдэг. Тэрээр жүжигчний далд ухамсраас урган гарсан мэдрэмжийг дүр бүтээхэд ашиглахыг чухалчилсан. Демидовын хувьд жүжигчний хэт ухамсартай хяналт нь бүтээлч байдлыг хязгаарлаж болзошгүй гэж үздэг. Тиймээс тайзан дээр импровизаци, шууд мэдрэмжийг илэрхийлэх нь илүү үр дүнтэй гэж тайлбарласан байдаг. Эдгээр онолууд нь арга барилын хувьд ялгаатай боловч нэг зорилготой. Тэр нь жүжигчнийг дүрийн үнэн амьдралд хүргэх явдал юм.
Жүжигчний ур чадварын гурван тулгуур
Судалбарын арга нь жүжигчний ур чадварын гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэг дээр тулгуурладаг.
Нэгдүгээрт, сэтгэхүйн үйлдэл. Жүжигчин дүрийн нөхцөл байдлыг ойлгож, ургуулан бодох чадвартай байх ёстой. Ургуулан бодолт нь дүрийн сэтгэл зүйн үндэс бөгөөд жүжигчнийг дүрийн дотоод ертөнцөд хөтөлдөг.
Хоёрдугаарт, биеийн үйлдэл. Тайзан дээрх үйл хөдлөл бүр тодорхой зорилготой байх шаардлагатай. Биеийн хөдөлгөөн нь дүрийн дотоод сэтгэл зүйтэй уялдах ёстой.
Гуравдугаарт, үгийн үйлдэл. Жүжигчний хэлж буй үг бүр тодорхой утга, зорилготой байх ёстой. Үг бол зөвхөн мэдээлэл дамжуулах хэрэгсэл биш, харин үйлдлийн нэг хэлбэр юм. Эдгээр гурван элемент нэгдэж байж жүжигчний тоглолт амьд, үнэмшилтэй болдог.
Ургуулан бодож буй жүжигчин сэтгэл зүйгээ удирдана гэдэг бол уран бүтээлчийн хувьд өөрөө өөрийгөө оллоо гэсэн үг. Жүжигчний тоглолтоор гарах бүх юм эхэндээ царцанги байдлыг хадгалж байдаг бөгөөд харин үүнийг жүжигчний мэргэжлийнх нь мөн чанар луу хөтөлж аваачдаг зүйл бол ургуулан бодолт юм. Иймд тайзан дээрх үйл хөдлөл, үг нэг бүр жүжигчний ургуулан бодолтын үр дүн байх ёстой. Жүжигчин хүн тайзан дээр хэсэгхэн үнэн амьдралыг бий болгохдоо өөрөө үнэхээр бүтээж байна гэдгээ ухамсарлаж байгаа нь их чухал.
Хүн өнгөрсөн туршлагаа оюун ухаандаа хадгалан тогтоох таних үйл явцыг ой тогтоолт хэмээн тодорхойлдог. И.П. Павлов “Ой тогтоолт нь уураг тархи мэдрэлийн эсүүдэд явагдаж буй хадгалагдан тогтох идэвхжих нөхцөлт рефлекс” хэмээн ой тогтоолтын физилоги үндсийг тодорхойлсон байдаг. “Амьдрал хийгээд тайзан дээрх сэтгэлийн мэдрэмж хэмээх ялгаатай хоёр зүйл гэдгийг Станиславский хүлээн зөвшөөрч байсан. Тэрээр амьдралын мэдрэмжийг анхдагч, тайзан дээрх мэдрэмжийг давтагдах гэж нэрлэж байжээ. Жүжигчин тухайн нөхцөлд шаардагдаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг үнэн илэрхийлэн мэдэрч нэг бус удаа өөрт тохиолдсон тэр мэдрэмжийг ой санамжиндаа хадгалах нь чухал. Чухам хэлээд байгаа нөхцөлд л жүжигчин хэрэгцээ шаардлага урган гарсан үед ой санамжныхаа гүнээс хэрэгтэй болоод байгаа сэтгэлийн хөөрлийг гаргаж ирэн тайзан дээр өрнөж байгаа үйл явдалтай холбон зохицуулж чадна.
Тухайн өгөгдсөн гэнэтийн нөхцөл байдалд шууд сэтгэн хариу үйлдэл үзүүлэх жүжигчний бүтээлч байдал “энд, одоо” үзэгчидтэй шууд харилцах замаар явагддаг тул театрын урлагт үүнийг импровизаци хэмээн нэрлэх болсон. Театрын онолч М.А. Чехов импровизацийг жүжигчний уран бүтээлийн бие даасан байдалтай холбон тайлбарласан байдаг. Харин найруулагч Г.А. Товстоногов импровизаци бол жүжигчний зайлшгүй хөгжүүлэх ёстой чадвар гэж үзсэн.
Импровизаци хөгжих тусам жүжигчид хамтран тоглогчтойгоо илүү амьд харилцаа үүсгэж, дүрийн нөхцөл байдалд уян хатан хариу үйлдэл үзүүлэх чадвартай болдог.
Судалбарын аргыг сургалтанд хэрэглэх нь
Жүжигчний сургалтанд судалбарын аргыг хэрэглэхдээ эхлээд зохиолын утга санаа, дүрийн зорилго, үйл явдлын дарааллыг судлах шаардлагатай. Станиславскийн нэрлэснээр энэ үе шатыг “оюунаар эрэх” гэж нэрлэдэг.
Жүжгийн тодорхой хэсгийг сонгон авч судалбар хийхдээ оролцогчид зохиолын нөхцөл байдлыг ойлгож, дүрийн зорилгыг тодорхойлсон байх хэрэгтэй. Судалбарын явцад жүжигчид заримдаа үг олдохгүй, хэсэг тээнэгэлзэх тохиолдол гардаг. Гэвч энэ нь судалбарын үйл явцын нэг хэсэг бөгөөд жүжигчний бүтээлч эрэл хайгуулыг илэрхийлдэг.
Судалбарын дараа жүжгийн эх текстийг дахин уншихад жүжигчдийн сэтгэл хөдлөл, үйлдэл илүү тодорхой болсон байдаг. Ингэснээр зохиолын үг жүжигчний дотоод мэдрэмжээс урган гарч буй амьд үг болж хувирдаг.
Театрын урлагийн хөгжлийн явцад олон найруулагч, онолчид өөр өөрийн арга барилыг боловсруулсан байдаг. Гэсэн хэдий ч жүжигчний ур чадварын сургалтын үндэс нь судалбарын арга хэвээр байна.
Судалбарын арга нь жүжигчний сэтгэхүйн үйлдэл, биеийн үйлдэл, үгийн үйлдлийг нэгтгэж, дүрийн үнэн амьдралыг бүтээхэд чиглэдэг. Энэ аргыг сургалтанд системтэй хэрэгжүүлснээр жүжигчид бие даан уран бүтээл хийх чадвартай болж, дэлхийн театрын тавцанд өрсөлдөх боломжтой болно.
Иймээс судалбарын арга нь зөвхөн сургалтын нэг техник төдий биш, харин жүжигчний уран бүтээлч эрх чөлөөг хөгжүүлэх үндсэн зам юм. Жүжигчин энэ аргыг эзэмшсэнээр тайзан дээр өгөгдсөн нөхцөлд амьдран, дүрийн дотоод ертөнцийг үнэнээр илэрхийлэх чадвартай болдог.



