“Урагш нэг, хойш хоёр алхсан Улсын эрдмийн драмын театр”
Б.Бадруун – “СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуулийн Найруулах урлагийн IV курсийн оюутан
П.Батхуягийн нэрэмжит “Тайз, дэлгэцийн бүтээлийн уран сайхны шүүмж бичлэг”-ийн улсын IX уралдааны “Шилдэг шүүмж – оюутан” номинацын эзэн:
УРАГШ НЭГ, ХОЙШ ХОЁР АЛХСАН
“УЛСЫН ЭРДМИЙН ДРАМЫН ТЕАТР”
“The Lover: Хайр хэнд хэрэгтэй вэ?” жүжгээрээ урагш нэг алхсан “Улсын Драмын Эрдмийн Театр” нобелийн шагналт Южин О’Нилийн зохиол “Хайлаас Модны Доор Чамайг Хүлээнэ” жүжгээрээ хойш хоёр алхав.
Америкийн алдарт зохиолч Нобелийн шагналт Южин О’Нилийн “Desire Under the Elms” эмгэнэлт жүжгийн зохиолыг 100 жилийн ойгоор нь Монголын тайзнаа гурав дахь удаагаа тоглосон нь Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Н.Наранбаатар найруулагчийн бүтээл “Хайлаас Модны Доор Чамайг Хүлээнэ” уянгын драм байв.

Южин О’Нилийн сонгодог эмгэнэлт жүжгийг гурав дахь удаагийн тавилтаар уянгын драм болгон тоглох нь олон үзэгчдийн анхаарлыг татаж, хүлээлт үүсгээд байсан билээ.
“Ромео, Жульетта хоёр” жүжгийг тавьснаараа тухайн театр том болчихдоггүй. Харин яаж тавьснаараа л ялгардаг юм. [1]
Зураач, гэрэлтүүлгийн чадварлаг гүйцэтгэл жүжгийг өргөж чадсангүй.
Юун түрүүнд жүжгийн тайз засал, орчинг магтах нь зүйтэй болов уу. Тайзны дээд хэсэгт гүүр бэхэлсэн байх бөгөөд ард нь лед дэлгэц байрлаж хайлаас мод, байгаль бүхий арын дүрс нь орчныг тодотгож түүний урд мануухай, гэрэлтдэг тариан талбай барлаж гол хэсэгт ховил гаргаж хайрга дүүргэсэн нь хад чулуун дундах тариан талбай гэдгийг тодотгоно. Тайзны 2 талд модон торх байх бөгөөд тайзны дээрээс дээвэр бууж ирэх нь гэр доторх үзэгдлийг илтгэнэ.
Жүжигчид гүүрэн дээр гарах үед хоёр шанааны гэрэл тусаж сүүдэр арын дэлгэцэнд унаж жүжигчдийн тоглолтыг дэмжиж гэрэлтэн асах тариан талбай лед дэлгэцтэй хорших нь зураачийн бүтээсэн тайз, гэрэлтүүлгийн тусламжтай амь орсон үзэсгэлэнт тайз өөрийн эрхгүй хараа булаана. Уг дүрслэлийг бүтээсэн зураач МУУГЗ Т.Ганхуяг болон гэрлийн найруулагч СТА Я.Батсайхан болоод тэдний багт талархууштай.

Сонирхол татсан сүржин эхлэл жүжгийн оргил хэсэг нь байв.
“Театрын гол түлхүүр жүжигчин биш. Театр бол хөдөлгөөнт дүрслэл, гэрэл, өнгө, орон зай, хөдөлгөөн, хөгжмийн зохицлоор илэрхийлэгдэх ёстой урлаг юм.” Гордон Крейг
Жүжиг фермийн ажилчдын сүрлэг дүрслэл нүсэр хөгжмөөр эхлэх нь анхаарал татав. Цэнхэр өнгийн гэрэлтүүлэг, арын дүрс, утаа зэрэг нь тэдний харагдах байдлыг улам л өргөж өгнө. Ах дүүсийн сүрлэг байдал үг хэлж эхлэхтэй зэрэгцэн тайзнаас гарсан фермийн ажилчдын хамтаар алга болно. “Сүрлэг бадрангуйг тоглох” Симеон /СТА Б.Баттогтох/, Питер /Н.Мөнх-Эрдэнэ/, Эбин /СТА Т.Сэргэлэн/ гурвын “хийрхсэн худал харьцаа, үйлдэл бус үг хөөсөн уйтгартай хоосон харилцаа” нь сүржин эхлэлийг мартагнуулан уйтгарт өрнөл рүү түлхэнэ. Хоёр ахын Эбинтэй харилцах (түүнийг барьж аваад айлгах) Миннигийн талаар ярьж эхлэх үеийн хоёр ахын үйлдэл (Эбинийг барь өмдийг нь шувтлах) зэрэг нь өмнөх хоосон харьцааг амь оруулж үйлдэл хөөж эхэлсэн ч үзэгдлийг аварч чадсангүй. Хоёр ахын дүрүүд хоорондоо ялгарах шинжгүй нэг дүр мэт хөдөлгөөн, дуу хоолой нь тэднийг ялгахад бэрх болгож байв. Эбин эдлэн газрыг миний ээжийнх гэж хэлэх үед мануухай дээр акцент өгөх нь цаашдаа мануухайг анзаарах ёстойг анхааруулна. Ая шумыг алдалгүй тааруулах дууны найруулагч СТА Т.Майдаржавын ур чадварыг дурдах нь зүйтэй.

Сул үйл явдлууд, тайлбарлаж, хүчилсэн найруулга.
Эбин Минни рүү явах үед хоёр ах гэрэл цацарсан зоорь дотроос нэрмэл авч уух нь харагдах байдлын хувьд тааламжтай ч гүүрэн дээрх Эбиний яриа үйл явдлыг удаашруулна. Удаан өрнөлтэй явдал дундаа ярьж үг хөөсөн жүжигчдийн тоглолт нуршуу бөгөөд уйтгартай үйл явдлууд нь үзэгчдийг залхааж дахин дахин цаг харахад хүргэв.
“Гүүрнээс ах нарынхаа дээр шээх Эбин түүнд нь баясаж чангаар инээлдэх үзэгчид Монголын урлаг дахь сэтгэлгээний доройтлыг илтгэх шиг.”
Эфрейм Кэбот /МУГЖ М.Түвшинхүү/ шинэхэн эхнэр Абби Патнамын /СТА О.Долгор/ хамтаар ажилчдаараа хүрээлүүлсэн сүржин жагсаалаар гүүрэн дээгүүр орж ирэх нь уйтгар гунигийг эвдэн одоо л нэг гэсэн найдлага төрүүлнэ. Жүжгийн эхнээс л ах дүүсийн ярьж, муулж, үзэн ядаж, айж эмээж байсан эцэг эрхэмсэг эхнэртэйгээ орж ирсэн цагаасаа л сүрийг үзүүлнэ. Айж зугтах Сем, Питер болон тэднийг барьж зодох нь Эфрейм Кэбот ямаршуухан эр вэ гэдгийг харуулна. Гэвч үйл явдалтайгаа үл авцалдах ая, гаднаа хүчирхэг боловч пайнаг Эфрейм болоод гэр бүлийнхнийх нь тэнэглэл жүжгийг улам л дордуулж инээдмийн үзэгдлээс илүүтэй тайзны хошин шогийг санагдуулна. Энэ бүх үйл явдлын ар дээр өөрийгөө танилцуулах гэж Эбиний өмнө эрхэмсэг байдлаа алдсаар шалдаа буух Абби түүний “сунжруу яриа, хойд эгнээнд үл хүрэх үгс” нь ахин уйтгарт автуулна. Энэ их уйтгарт үзэгдлүүдийн ардаас тайзан дээр бүжиглэн гарч ирээд ширээ засах Абби нь Монголын кино жүжигт улиг болоод буй “үзүүлэх буюу тайлбарласан” илүүц үйлдлүүд нь бачууруулна. Дотоож үнэрлээд ээжээ хэмээн орилох Эбин түүнийгээ булаацалдаж Эбин рүү чичрэн дайрах хойд эх ардаас нь орж ирээд юу ч мэдэлгүй дотоожийг нь буундаа өлгөх аав зэрэг завхралууд нь нэн эртнээс уламжлагдан хөгжиж ирсэн театрын амьд урлаг бус хямд “порно” киног санагдуулна. Энэ бүхний ардаас Абби угаалга үйлдэх ба Эбинийг үлдээж ус зөөлгөх нь хэлбэр талаасаа тааламжтай.

“Ямагт агуулгыг чухалчилж ирсэн хэмээх УДЭТ-д Нобелийн шагналт Южин О’Нилын сонгодог эмгэнэлээр Төрийн Соёрхолт Н.Наранбаатар хэлбэр хөөв.”
Эфрейм ууж Абби хажуугаар нь хийцгүйрнэ. Хүүтэй болохыг хүссэн Эфрейм Аббиг ширээн дээр дарж унагаан бүтэлгүйтнэ. Уурласан Эфрейм адуунуудтай ярилцахаар явж Эбин торхноос гарч ирнэ. Эбин ээжийнхээ талаар дурсахад Абби ээжийнх нь өрөө рүү орж сүнснээс айн гүйн гарч ирэх замбараагүй бөгөөд учир утгагүй үйл явдал шууд үзүүлсэн “уран бүтээлч бус” секс үзэгдэл нь жүжгийг үргэлжлүүлэн үзэх хүслийг замхруулан өөрийн эрхгүй “сувгаа солих” хүсэлд автуулж “тайлбарлах юм бол урлаг биш” хэмээх багш нарын сургаалыг ахин санахад хүргэнэ. Сексийн үеэр гэрэл авч мануухай өргөгдөн ээжийн үгсийг уянгалуулан дууссаны дараа хөөцөлдөн гүйх Абби Эбин хоёрын дүрслэл 90, 2000-аад оны ихэнх кинон дээр гардаг хоцрогдсон дүрслэлийг өөрийн эрхгүй санагдуулах нь харамсалтай. Бяцхан Эфрейм болсон Эбин дуу орж эцэгтэйгээ мөчөөрхөх үед хоёр ах гарч ирэх нь Солонгос сериал лугаа мэдрэгдэж гайхал төрүүлэхтэй зэрэгцэн завсарлага эхэлнэ.
“Аливаа урлаг бодит ертөнцийг толин тусгал мэт дүрслэх ёсгүй, харин түүний хэлбэрийг өөрчлөх алх нь болох ёстой.” (Art is not a mirror to reflect the world, but a hammer with which to shape it.) Бертольт Брехт
Үгээр хэлхийн аргагүй хачирхалтай завсарлагааны өмнөх үзэгдлийг лавшруулан бодсоор завсарлага дуусаж жүжиг үргэлжлэх бөгөөд ширэнгэн ойг санагдуулах хөгжим дээр индиан маягийн бүжиг бүжиглэх ажилчдын дунд үсээ сүлжсэн эмэгтэйлэг эр байх нь орчин үеийн урлагийн салшгүй нэгэн хэсэг болох цөөнхийг хүндэтгэн уран бүтээлд дүрслэх үзэгдэл байв уу? Аль эсвэл түүнийг нь эсэргүүцсэн хүний эрхийн мэдрэмжгүй тохуурхал байв уу?
Найрын үзэгдлийн дараа Хүүхдээ тэвэрсэн Абби Эбинд хандаж хайлаас модны доор хүлээнэ хэмээж аав хүү хоёрын уулзалт муухан барьцалдаан эр эмийн уйтгартай бөгөөд хүчилсэн харьцаагаар төгсөж хүүхдээ хөнөөх Абби-н тунхаглалаар үзэгдэл солигдоно.
“Хүмүүс миний уран бүтээлийг ойлгохыг хичээдэг. Гэтэл би ойлгуулахын тулд биш, мэдрүүлэхийн тулд зурдаг.” (Others have seen what is and asked why. I have seen what could be and asked why not.) Pablo Picasso
Сул бөгөөд хүчилсэн төгсгөл
Абби хүүгээ ална гэж тунхагласан тул жүжгийн оргил хэсэг хүчгүйдэж үзэгчдэд ирэх нөлөө үгүй болж үзэгчдэд ирэх мэдрэмж алдагдахын зэрэгцээ хүүгээ алахын өмнө монологдох нь бас нэгэн үйл явдлаа унагасан тайлбар болж “The Lover” жүжгийн ахиц дэвшлийг үгүйсгээд зогсохгүй хүүхдээ алахаар завдаж буй Аббиг гүүрнийх нь доор 4 эр хүрээлж зогсоод үзэгчдийг инээлгэх үгс чулуудах нь савангийн дуурь гэлтэй.
“Цусан улаан тэнгэр ,үхэжсэн модны урд гол дүрийн хоёр эр сөхөрсний ар дээр ажилгүй Сем, Пит хоёр “Өглөө” киноны хэсгийг дуурайн үйлдэлгүй зогсох нь хөөрхийлөлтэй.”
Мануухай болсон Эфреймийн дүрслэл эмгэнэлтэй бус өрөвдөлтэй мэдрэмж төрүүлж. Эх зохиолын алтны ардаас яваад сураггүй алга болох Сем, Пит хоёр бус “Солонгос олон ангит” киноны ухаажсан 2 ах болон ирэх нь илүүц санагдана.
Монголын урлагт соцреализм лугаа адил аз жаргалтай, ухаажсан төгсгөл хийх үзэгдэл 21-р зуунд “савангийн дуурь”-ийн тусламжтай ахин дэлгэрсэн нь хүүхдээ дагуулан ирсэн Абби болоод ах дүү гурвын гэгээлэг харилцааг эрхэмлэсэн төгсгөлөөс илхэн харагдана.

“Амьдралд бүх зүйл тэгш бус, ээдрээтэй, хүмүүс байнга зовж, хүссэндээ хүрч чаддаггүй. Гэтэл бид жүжиг, уран зохиолдоо энэ бүхнийг сайхнаар төгсгөх гээд байдаг нь хуурамч хэрэг.”
Театрын жүжигт эх зохиолд хүндэтгэлтэй хандах нь уран бүтээлийн ёс зүй, жүжгийн чанар, үзэгчдийн хүлээлттэй салшгүй холбоотой. Эх зохиол нь жүжгийн үндэс суурь юм. Театрын жүжиг бол эх зохиолоос сэдэвлэсэн шинэ уран бүтээл боловч зохиолын үндсэн үнэ цэнийг хадгалж, хүндэтгэлтэй хандах нь уран бүтээлчдийн үүрэг юм. “Хайлаас Модны Доор Чамайг Хүлээнэ” жүжигт эх зохиолд хүндэтгэлтэй хандаагүйн дээр зохиолын төгсгөлийг өөрчилсөн явдал нь эмгэнэлт жүжгийн зохиолын гол онцлог шинж болсон эмгэнэлийг нь үгүй хийхийн зэрэгцээ дүрүүдийн өмнөх зөрчлийг булшилж жүжигчдийн тоглолтыг зөвтгөхийн оронд үнэгүйдүүлэв.
“Жүжгийн зохиол сэдэв хийгээд бичлэгийн аль нэг төрөл зүйлд хамаардгаас гадна тухайн зохиолчийн онцлог арга барилыг илтгэж байдаг. Жүжгийн зохиол хэр бичигдсэн байна тэр хэмжээний шаардлагыг тавьж байдаг. Зохиолд өгүүлэгдэн буй санааг тодруулан гаргахын тулд эхлээд зохиогчийн санаа, онцлог, хэлбэрийг ухан ойлгосны дараа жүжиг болгох ажлыг эхлүүлэх ёстой.”[2]
Найруулагч “жүжгийг бүтээх эхний алхам” болсон “зохиолын задаргаа” дээр хайнга ажиллаж “эх зохиолд хүндэтгэлгүй хандаж” эмгэнэлт жүжгийн “катарсис” шинжийг алдагдуулсан нь жүжгийг ихээр унагав.
“Катарис нь эмгэнэлт жүжиг үзэгчдийн сэтгэлийг хөндөж, айдас, өрөвдөх сэтгэл төрүүлсний дараа ухаарал, сэтгэл цэвэршилтэд хүргэх үйл явц. Энэ нь хүний ёс суртахуун, амьдралыг ойлгох гүн ухаан, сэтгэлзүйн хөгжлийн чухал нэгэн хэсэг юм.” (https://en.wikipedia.org/wiki/Catharsis)
“Реалист” театраас нэг алхам урагшилсан ч буцаж хойш ухрахдаа “реалист” театрыг алгасаж “натуралист” театр луу хоёр алхмаар ухрав.
Ахлах тогооч Словик: Та яагаад шийтгэгдэж байгаагаа мэдмээр байна уу?
Кино од: Мэдээж хэрэг.
Ахлах тогооч Словик: “Calling Doctor Sunshine” кино надад таалагдаагүй.
Кино од: Уучлаарай?
Ахлах тогооч Словик: Би хэдэн сард ганцхан удаа олдох амралтын өдрөөрөө таны гол дүрд нь тоглосон “Calling Doctor Sunshine” киног үзсэн.Миний хувьд хамгийн чухал өдөр. Амьд гэдгээ мэдэрдэг ганцхан өдөр минь байсан юм.
Кино од: Байзаарай би ямар тэр киног хийсэн юм уу? Зүгээр л тоглосон.
Ахлах тогооч Словик: Уран бүтээлч хүн зорилгоо алдсан тохиолдолд юу болох вэ?
The Menu. 2022. Найруулагч: Марк Милод
“Жинхэнэ театр бол амьдралын хуулбар биш, харин түүнээс дээгүүр орших бодит ертөнц юм. Бид үзэгчдийг идэвхгүй ажиглагч байлгах бус, тэднийг сэтгэл зүйн хувьд донсолгож, хүчтэй мэдрэмж төрүүлэх ёстой.” Antonin Artaud
[1] Эмх Баярсайхан Н. “Би бол Баатар”. УБ. 2020, 25 т.х
[2] Захава Б.Е. “Жүжигчин & Найруулагчийн Уран Чадвар”. УБ. 2012, 17 т.х
УДЭТ болон “Өглөө”(1968) зургуудыг хавсарган ашигласан болно.
2025 он