Үзэгчдийн театрын боловсролд

Южин О’Нил “Хайлаас модны доорх шунал тачаал”

2025 он гарсаар Нобелийн шагналт Америкийн зохиолч Южин О’Нилийн “Хайлаас модны доорх шунал тачаал” (The Desire Under the Elm) жүжгийг УДЭТ-ын тайзнаа Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарын найруулгаар “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” нэрээр тавьсан нь Монголын театрын ертөнцийн бас нэгэн тэмдэглэлт үйл явдал болж үзэгч, шүүүмжлэгч, судлаачдын анхаарлыг татсаар байна. Энэ удаад “Театр 360° “-ийн зүгээс үзэгч, театр сонирхогчдодоо зориулан Америкийн Bedford/St.Martin’s хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “The Bedford Introduction to Drama” түүвэрт судлаач Ли А.Жейкобус (Lee A.Jacobus)-ынуг жүжигт бичсэн тайлбарын хэсгээс орчуулан хүргэж байна.

Хайлаас модны доорх шунал тачаал” жүжиг нь Южин О’Нилийн Грекийн эмгэнэлт жүжгийн хэв маягаар бичсэн анхны бүтээл нь байсан юм. Тэрээр нууц нь хувь заяаных нь ээдрээг тайлдаг язгууртны дүрийг сонгодог Грекийн уламжлалыг дагасангүй. Харин оронд нь Нью Ингландын фермер болон түүний гэр бүлийг жүжгийн зохиолынхоо гол баатраар сонгосноороо шинэлэг байв. Ээдрээт хувь тавилан Грекийн эмгэнэлт жүжгийг амилуулдагийн адилаар хардалт, атаа хорсол, шунал тачаал,  цусан төрлүүдийн хоорондын хайр дурлал “Хайлаас модны доорх шунал тачаал”-ыг амилуулна.

О’Нил жүжгийн үйл явдлыг чулуурхаг хөрстэй Нью Ингландын газар шороон дээр өрнүүлсэн нь олон талаараа Афин болон Грекийн эрэг дагуух газрын хадархаг хөрстэй нутагтай төстэй юм. Тэрхүү газар дээрх амьдралын төлөөх цуцашгүй тэмцэл нь Калифорнийн алтны уурхайгаас амьдралаа амар хялбараар залгуулахаас эрс ялгаатай аж. 75 настай эцэг Эфрэйм Кэбот нь биеийн хүчний ажил байнга хийдэг байснаар бие махбод нь туйлын эрүүл чийрэг нэгэн бөгөөд залуу бүсгүй Эббиг гурав дахь эхнэрээ болгон аваад байж байгаа юм. Түүний бага хүү Эбэн ферм дээрээ үлдэх шийдвэр гаргаж байхад хоёр том ах нь Нью Ингландыг орхин Калифорниаг зорихоор төлөвлөж байна.

Шинэ хойд эхдээ фермээ алдах болоод буй мэдрэмжээсээ болоод Эбэн фермийг нь өвлөж авах шуналдаа хөтлөгдөн хөгшин Кэботтой гэрлэсэн Эббиг үзэн ядахад  хүрнэ. Эхэндээ өөр өөрийн хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн Эбэн, Эбби нарын хоорондын тэмцэл яваандаа бие биендээ татагдах мэдрэмж болон хувирдаг. Шунал тачаал нь хайр болон хувирч хэдийгээр тосгоныхон хэний хүүхэд болох талаар  эргэлздэггүй боловч  дундаасаа төрсөн хүүг нь Кэбот өөрийнх хэмээн итгэнэ.

Ферм энэ жүжигт маш хүчтэй үүрэг гүйцэтгэнэ. Хөгшин Кэбот бууж өгөн хөнгөн хялбараар мөнгө олох Калифорни руу явмаар санагдах болгонд Бурхан түүнийг үлдэхийг ятгаж буйг мэдэрнэ. Бурхан Эфрэймийн хувьд Эдип дээр гардаг зөнчийн үүргийг гүйцэтгэн итгэхэд хэцүү ч үнэн мэдээг өгдөг. Фермийн чулууд уучлахгүй тул Эбэн, Эбби хоёр хувь заяатайгаа нүүр тулахаас өөр аргагүй болно. Тэдний хайр байж болшгүй зүйл бөгөөд тэдний хийж буй бүхэн тэдний хайрыг улам бүр   байж болшгүй зүйл болохыг батална. Ферм дээр хувь тавилангийн хүч үйлчилнэ. Жүжиг эхлэхэд Эбэн “Ариун бурхан минь” гэж хэлдэг. Харин жүжиг төгсөхөд тосгоны цагдаа фермийг шагшран магтаж өөрөө ийм фермтэй болохыг хүсч буйгаа хэлж буй нь егөөдөл болох нь тодорхой байдаг ч жүжигт гарч буй амь өрссөн тэмцэл шунал хүслээс бий болсон бөгөөд фермийн төлөөх шунал Эбби, Эбэн хоёрын хоорондын шунал тачаалтай зэрэгцэн өрнөнө.   

Жүжигт Эфрэйм фермийг нь авахын төлөө гэрлэсэн Эбэний эхийн сүнс гарч ирдэг. Түүний сүнсийг өшөөгөө авах залхаан цээрлүүлэлтийн цикл нэгэнт эхэлсний дараа тарнийн хүчээр дардаг. Хөгшин Кэбот түүний өмнө гэмт хэрэг үйлдсэн тул одоо өөрөө түүний хохирогч болно.

Жүжгийн дүрүүдийн хоорондын яриа 19-р зууны дунд үеийн  Нью Ингландын аялгаар бичигджээ. Тэнд амьдарч байсан учир О’Нил тэндхийн хүмүүсийн амьдралын хэв маяг, ярианы онцлогийг ойлгодон байжээ. Тэрээр нутгийн аялгын онцлогийг маш хянуур болгоомжтойгоор харилцан яриандаа үнэн зөв тусгаж өгсөн байна. Энэхүү хөдөө маягийн яриа нь Нью Ингландын фермерүүдийн тариачдын ямар байсныг тодорхойлоход тусалж байна. О’Нилийн нутгийн аялгыг чадмаг хэрэглэсэн нь алдарт Синжийн “Тэнгисийн зүг одогсод” зохиолоороо Ирландын Англи аялгыг гайхалтай илэрхийлсэнтэй адилтгагддаг байна.

О’Нил Эббигийн дүрийг Эврипидийн “Хипполитус” жүжиг болон Расиний  17-р зууны жүжиг Фаэдрад гардаг нөхрийнхөө хүүг амрагаа болгохыг хязгааргүй хүсэгч хатан хаан Фаэдратай маш нямбайгаар холбож чадсан юм. Расин болон түүний үзэгчид ийм этгээд шунал тачаал язгууртан хатагтайг туйлын ихээр эзэмдэж болохыг маш хялбараар төсөөлж болох байв. Учир нь нийгмийн дээд давхаргынхан энгийн хүмүүсийг бодвол илүү этгээд хачин мэдрэмжтэй амьдарч болно гэж боддог байв. Харин  О’Нил өөрийн үзэгчиддээ бичиг үсэггүй тариачид ч үе үеийн эмгэнэлт баатруудынх шиг гүнзгий мэдэрч чадна гэдгийг харуулахыг хүсч байв. Кэботынхон бол хүсэл тачаалынхаа хохирогчид юм. Тэдний ээдрээт хувь тавилан Грекийн эмгэнэлт жүжгийн баатруудын хувь тавиланг давтаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social Media Auto Publish Powered By : XYZScripts.com