СЭХЭЭТНИЙ ТӨӨРӨГДӨЛ БУЮУ ДАХИН ХЭЛМЭГДСЭН Д.ПАГМАДУЛАМ
П.БАТХУЯГИЙН НЭРЭМЖИТ “ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛИЙН УРАН САЙХНЫ ШҮҮМЖ БИЧЛЭГ”-ИЙН УЛСЫН IX УРАЛДААНЫ МЭРГЭЖЛИЙН ШҮҮМЖ БИЧЛЭГИЙН ТӨРӨЛД III БАЙР ЭЗЭЛСЭН
МУБИС-ИЙН УТГА ЗОХИОЛ СУДЛАЛЫН ДОКТОРАНТ Б. БАТЦООЖ

2024 онд монголын кино урлагт нэгэн онцлох бүтээл төрөн гарсан нь “Хамба” филмийн бүтээл болох “Пагмадулам” кино юм. Найруулагч Б.Ганболд найруулж, Д.Золзаяа, Мө.Батбаяр нар зохиолыг нь бичсэн уг кино монголын түүхэнд хар толбо болсон хэлмэгдүүлэлтэд өртсөн хэдэн мянган сэхээтнүүдийн нэг их зохиолч Д.Нацагдоржийн анхны гэргий Д.Пагмадуламын амьдралын тэмцэл, эмгэнэлт хувь тавиланг өгүүлснээрээ онцлог болжээ. Өнгөрсөн зуунд хараар будаж, хар тамхичин, хятад данжаадын эхнэр, завхай эмэгтэй зэргээр цоллон нийгмийн дайсан мэтээр ухуулж ирсэн түүнийг эмэгтэй хүн, нийгмийн зүтгэлтэн байсан гэдгийг онцлохыг зорьжээ. Энэхүү уран бүтээл гарсан даруйдаа нийгмийн зүгээс асар их эсэргүүцэлтэй тулгарсан юм. Сайн муугаараа хэлэгдэж, хэлэлцүүлгийн гол бай болно гэдэг ямар ч уран бүтээлийн хувьд урлагийн амин чанарыг илэрхийлсэн чухал хэрэг болно. Харин энэ бүх шүүмжлэл нь тухайн уран бүтээлийн бус хувь хүн хоорондын харилцаа, хувийн шинжтэй байсан нь урлагт мэргэжлийн зүгээс задлан шинжлэх хэрэгцээ нэгэнт тулгарсныг харуулсан юм. Тэгэхээр нийтээр эсэргүүцээд буй “Пагмадулам” кино үнэхээр түүхийг гуйвуулсан “муу” кино юу? гэсэн асуулт ургаж байна.
Үүнд хариулт олохын тулд кино шүүмжийн үндсэн онолуудад тулгуурлах нь тухайн бүтээлийн уран сайхны онцлогийг таних чухал ач холбогдолтой.
Кино урлагийн судлал шүүмж дараах онолуудаар хөгжиж иржээ.
- Формалист (бүтэц судлалын) шүүмж
- Реалист (бодит байдалд тулгуурласан) кино шүүмж
- Аутёризм (зохиогчийн онол)
- Марксист кино шүүмж
- Феминист кино шүүмж
- Постмодерн кино шүүмж
“Пагмадулам” кино үзэгчдийн дунд маргаан дагуулж, зарим нь түүхэн үнэнийг гуйвуулсан, гадны бодлогоор бүтээгдсэн гэж үзэж буй бол зарим нь уран сайхны эрх чөлөөний илрэл гэж хамгаалж байна. Кино бол зүгээр нэг үзэл суртлын зэвсэг биш. Харин уран сайхны болон нийгмийн үзэл санааны талбар билээ. Тиймээс энэхүү шүүмжээр бид “Пагмадулам” киног задлан шинжилж, түүхэн үнэн, киноны найруулга, жендэрийн дүрслэл, нийгмийн тусгал гэсэн үндсэн чиглэлээр үнэлэхийг зорилоо.
- “Пагмадулам” киног реалист шүүмжийн онолын үүднээс
Реалист кино шүүмж нь кино хэрхэн бодит байдлыг тусгаж буйг судалдаг. Неореализм, баримтат хэв маягт илүү анхаардаг. Уг онолын ойлголтыг Францын кино шүүмжлэгч Андре Базан “Кино нь бодит байдлыг уран сайхны аргаар дүрсэлдэг боловч хэтэрхий найруулсан бол реализмаа алдана” гэж үзсэн. Харин Неореализмзмын зарчмаар хөгжсөн Италийн кино урлаг энгийн хүмүүсийн амьдралыг бодитой харуулахыг эрмэлздэг байна. Дээрх онолын үүднээс киног судлахад тухайн киноны зохиол гол субьект болох учиртай.
Урлагийн бүтээлийн амин сүнс бол зохиол. Монголын тайз, дэлгэцийн салбарт тулгамдаж буй нэгэн асуудал бол “зохиолын мухардал” юм. 2000 он гарснаас хойш кино урлагийн салбар ч гэлтгүй жүжгийн салбар ч мөн зогсонги байдалд орсон. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд “Анна Каренина”, “1984”, “Амьдрахуй” зэрэг гадаадын томоохон зохиолыг жүжиг болгон тавьсан билээ. Дэлгэцийн уран бүтээлийн тухайд үйл явдлын өрнөл, дүрийн ядмаг хэллэгтэй нэг хэвийн дутмаг шинжтэй байсаар удаж байна. Тиймдээ ч гадаадын киног хуулбарлах, эсвэл гадны зохиолыг ашиглах, үйл явдал өгүүлэмж сул, дүрийн хөгжүүлэлт муу, ашгийн төлөөх кино борооны дараах мөөг шиг олширч байна.
Харин “Пагмадулам” киноны зохиолын хувьд “сайн” гэсэн үнэлгээг өгч болохоор ажээ.
Кино, жүжгийн зохиол тэр дундаа түүхэн зохиол бичнэ гэдэг зохиолчоос асар их судалгаа, түүхийн баримт, үйл явдлын уялдаа холбоог алдагдуулахгүй байхыг шаарддаг. Түүхэн үнэнээс зөрөхгүй байж, түүхэн дүрийн мөн чанарыг тодруулах нь түүхэн жанрын кино зохиолын гол зарчмим юм. Уг киноны зохиолчдын баг энэ зарчмаас гажсангүй. Германд сурахаас өмнөх үе, гадагшаа сурч байх үе, эргэж ирээд үүссэн нөхцөл байдал, буруутгагдах болсон шалтгаан, гол дүрүүддээ тохиолдсон бүхнийг түүхэн баримтад тулгуурлан бичжээ. Энэхүү киноны зохиолд Д.Пагмадуламын тухайн нийгэмд хэвшсэн ойлголт, гуйвуулсан түүхийг эвдэж үнэн баримт түүхэн судалгаанд суурилан голтой бичжээ. Уг зохиолд Д.Пагмадуламыг:
- Хэд хэдэн гадаад хэл мэддэг, тухайн үеийнхээ томоохон сэхээтнүүдийн нэг байсан
- Эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга тэрээр эмэгтэйчүүдийн төлөө хүчтэй дуу хоолой болж байсан
- Төр засгийн хэрэгжүүлж буй буруу бодлогуудыг эсэргүүцсэн учраас буруутгагдсан
- Эзэмшсэн боловсрол, үйл хэргээсээ болж нийгмийн буруутан болж хэлмэгдсэн зэрэг үнэнийг түүхэн баримтуудад тулгуурлан нээжээ.
Мөн тухайн цаг үеийн нийгмийн амьдрал, соёлын онцлог шинжийг орхигдуулсангүй. Ингэхдээ нийтээр хэлэлцээд буй илтэд үзэл сурталжсан зүйл үгүй юм.
Д.Пагмадулам, Д.Нацагдорж нар ший жүжиг үзэж байгаагаар харуулсан нь массын дургүйг хүргэжээ. Яг үнэндээ ХХ зууны эхээр монголд үзвэр үйлчилгээ явуулдаг хэд хэдэн газар байсан бөгөөд ихэвчлэн хятадын домог үлгэрээс сэдэвлэсэн ший жүжиг тавьдаг байсан юм. Үүнийг ч түүхийн баримт мэдээ гэрчилнэ.
Мөн уг кинонд их зохиолч Д.Нацагдоржийн түүхийг гуйвуулсан зүйл байхгүй бөгөөд академич Б.Ренчин, зохиолч Д.Намдаг, судлаач Б.Содном зэрэг түүнтэй ойр байсан нөхдийнх нь дурсамж дуртгал, баримтат кино, архивын баримт сэлтэд тулгуурласан байгааг онцлох нь зүйтэй. Үндэстний бахархал болсон хэн нэгнийг урлагт үзүүлнэ гэдэг угаас ярвигтай. Хүн бүр л Чингис хаан, жанжин Сүхбаатар, зохиолч Д.Нацагдоржийг өөрийнхөө хэмжээнд үнэлдэг, төсөөлдөг. Тэрхүү үнэлэмжид нийцүүлэх боломжгүй. Чингис хааны тухай гадаадын хэд хэдэн кино хийгдсэн ч өнөө бидний санаанд төдийлөн нийцэхгүй байгаагаас гадна “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно” зэрэг кинонууд маргаан дагуулсан хэвээр байна. Түүхэн хүний тухай бүтээх нь нийтийн хэвшмэл үнэлэмжид нийцэх аргагүй бөгөөд энэхүү үнэлэмжийн зөрчил энэхүү киног ч тойрсонгүй. Хэт үзэл сурталжсан өнгөрсөн зуунд хэн нэгнийг тахин шүтэх, бахархлаа болгох үзлийн нөлөөгөөр түүхэн хүний тухай зохиомол баримтуудаар нийтийн оюун санааг мунхруулах нь гол зэвсэг байжээ. Д.Пагмадуламыг төрийн эсэргүү хэмээн элдэв нэр хоч зүүлгэн харлуулсан бол их зохиолч Д.Нацагдоржийг “орчин үеийн уран зохиолыг үндэслэгч” хэмээн цоллохдоо хувь хүний онцлог шинжүүдийг нь мартаж орхисон. Кинонд Д.Нацагдоржийг харлуулах гэхээсээ будаг шунхаар гоёж гоодон, хоосон магтсангүй. Хувь хүн талыг нь нээхийг зорьжээ. Эхнэр хүүхдээсээ хагацаж, элдвээр гүтгүүлсээр хүсэл мөрөөдөл нь унтарч буй эр хүн гэдэг талаас нь нээхийг зорьжээ. Гэхдээ харлуулж, гүтгэсэн зүйл байхгүй гэдгийг дахин онцолъё. Киноны реалист шүүмжийн онолын үүднээс уг киноны зохиолд өндөр үнэлгээ өгөх үндэслэлтэй.
- Кино зохиолын онцлог шинж
Уг киноны зохиолд Д.Пагмадулам, Д.Нацагдоржийг түүхэн хүн гэдгээс гадна тэдний дотоод сэтгэл зүйг нээхийг зорьсноороо урьд өмнө хийгдэж байсан кино, жүжгүүдээс онцлог болжээ. Германд сурч байх үеийн дэврүүн хүсэл мөрөөдөл, эргэж ирсний дараах хүнд нөхцөл байдал, тэр бүхнээс мэдэрч буй шаналал, эмзэглэл, уйтгар гунигийг тодотгохыг зорьжээ. Нэг ёсондоо дүрээ маш сайн хөгжүүлсэн.
Зохиолд бас нэгэн онцлог байгаа нь метафор бүхий өгүүлэмж. Зохиолд утгыг хэрхэн илэрхийлэх нь зохиолчийн уран чадвар, өвөрмөц шийдлээс хамааралтай. “Пагмадулам” кинонд Дамдин тайжийг хэлмэгдсэнийхээ дараа “Нохой Дамдин” хэмээн дуудуулж нохой шиг авирлаж байгаагаар харуулжээ. Өнгөн талдаа тайж язгууртан хүнийг арчаагүй байдлаар харуулж байгаа мэт боловч уг чанартаа тухайн цаг үед бусдыг хэлмэгдүүлэхдээ “Хүн” бус “Нохой” гэж үзэн, нохойтой харьцаж буй мэтээр аашилж байсныг илэрхийлэхийг зорьжээ. Мөн кинонд Пагмадуламын анхны хайр Батынд Д.Нацагдорж очоод малгайгаа тайлахдаа Д.Пагмадуламд авсан үсний даруулга дээр нь малгайгаа тавьж буй зэрэг нь зохиолч найруулагчийн маш сайн хоршил болжээ. Охиноо дагуулсан гуйлгачин мэгтэй гарах бүрд киноны маань гол дүрүүдийн ямар нэгэн муу зүйл тохиолдож байсан зэргээс харвал тухайн дүр нь гол дүрүүдэд тохиолдох муу бүхнийг илтгэсэн символ шинжтэй ажээ. Ер нь өмнө хийгдэж байсан кинонуудыг бодвол Д.Нацагдоржийг их зохиолч гэхээсээ тухайн нийгмийн золиос болж, хайртай бүхнээсээ хагацсан эр хүн гэдгийг тодотгосон зэрэгт нь “онц” үнэлгээ өгөх хэрэгтэй.
2. Аутёризм (зохиогчийн онол)-ын онол буюу “Кино бол найруулагчийн бүтээл”
Уг онол нь Францын “Cahiers du Cinéma” сэтгүүлээс гарсан онол бөгөөд найруулагчийг киноны гол уран бүтээлч гэж үздэг. Зохиолыг тайз, дэлгэцэнд хэрхэн амьдруулах нь найруулагчийн уран шийдэл, ур чадвараас хамааралтай. Найруулагчийн тавилт буюу mise-en-scène (францаар “тайзан дээр тавих” гэсэн утгатай) нь киноны дүрслэлийн зохион байгуулалт, орон зайн найруулга, гэрэлтүүлэг, өнгө, жүжигчдийн хөдөлгөөн, камерын байрлал зэрэг элементийг хянах урлаг юм. “Пагмадулам” киног “Орхидос”, “Хоёр амь”, “Бумеранг”,”МАМ” зэрэг киног бүтээсэн найруулагч Б.Ганболд ажилласан юм. Тэрээр “Пагмадулам” кинонд найруулгын “Реализм ба итали неореализм” болон “Германы экспрессионизм”-ын аргыг ашигласан гэж үзлээ.
2.1 “Реализм ба итали неореализм”-ын аргыг ашигласан нь
Реализм нь киноны дүрслэлийг бодит амьдралд ойртуулахыг зорьдог чиглэл бөгөөд жүжигчдийн натурал тоглолт, бодит орчны ашиглалт, минималист камерын хөдөлгөөн зэргээр илэрдэг. Найруулагч Д.Ганболд киноны үйл явдлын өгүүлэмжийг бодит ахуйн орчин бай байгалийн орчинд өрнүүлсэн нь реализмын өнгө төрхийг илтгэж байна. Реализмын аргын үндсэн зарчим нь киноны дүрүүд, ялангуяа гол баатруудын дотоод сэтгэлийн төлөв байдал нь хийсвэр биш, бодит амьдралтай уялдсан байдаг бөгөөд Д.Пагмадулам болон Д.Нацагдоржийн сэтгэл зүйн төлөв байдал бодит амьдралтай уялдаж байгаагаар харуулсан тул найруулагчийн энэхүү шийдэл нь түүхэн киноны агуулгад нийцсэн юм. Гадаадад боловсрол эзэмшсэн тухайн үеийнхээ гоц сэхээтнүүд дэврүүн хүсэл тэмүүллээр дүүрэн байсан хэдий ч нийгмийн хардлага шахалт, хавчлага мөрдлөгөөс болж ажил олдохгүй хүнд нөхцөл байдалд орсноос болж үүсэж буй сэтгэл зүйн хүнд байдлыг тэдний хоорондын харилцан яриагаар түлхүү илэрхийлсэн юм. Энэхүү шийдлийг “Итали неореализм”-ын чиглэлийн илрэл гэж үзэж болно
Найруулагч Б.Ганболд киноны зарим үйл явдал сэтгэл зүйн байдлыг метафорын аргаар шийдсэн байна. Кинонд илэрч буй метафорын зарим жишээг дурдвал:
- Д.Пагмадуламын цөхрөл
Д.Пагмадуламыг шоронгийн өрөөнд байхад Бат тэр хоёр харц тулгарах бөгөөд хэсэг хугацааны дараа буун дуу дуугарах дуугарна. Энэ нь Д.Пагмадуламын эргэн тойрон дахь хүмүүсийн зовлон, өөрт нь тусаж буй хүнд байдлыг илэрхийлжээ. Үүний дараа шарх сорви болсон биеийг нь Д.Нацагдорж арчиж буй хэсэгт нурууных нь шархаар Д.Пагмадуламын хүнд цаг үеийг даван туулсан тэвчээрийг илэрхийлэхйиг зорьжээ.
2. Д.Нацагдоржийн баригдах болсон үеийн уран шийдэл
Д.Нацагдорж нөхдийн хамт шинэ жил тэмдэглэж байгаа хэсэгт татаж байсан тамхи нь ч унтраагүй байхад тоглуулж байсан пянзыг нь ногоон хувцастай хүн салгаж байгаа нь Д.Нацагдоржийг ойрын хүрээнээс нь НАХЯ-д матсан байж болох юм гэсэн утгыг илэрхийлжээ. Мөн энэ хэсэгт Д.Нацагдоржийн 2 дахь эхнэр Нина Чистакова түүний дэргэд суусан байх бөгөөд Д.Нацагдоржийн ярьж буй зүйлд хөгжин инээж, харц тулгарч байгаагаар үзүүлсэн нь бас нэгэн өвөрмөц шийдэл болжээ.
2.2 “Германы экспрессионизм”-ын аргыг ашигласан нь
Энэхүү арга нь гэрэл сүүдрийн хүчтэй хослол, хэтрүүлсэн дүрслэл, сэтгэлзүйн уур амьсгал бүрдүүлэлгээрээ онцлогтой. Түүхэн дүрийн дотоод зөрчлийг илэрхийлэхийн тулд тодорхой өнцөгтэй камерын байрлал, хэтрүүлэгтэй гэрэлтүүлэг ашигласан бол экспрессионизмын нөлөөтэй гэж үздэг. Нэг ёсондоо киноны дүрслэлүүд хүчтэй символик агуулгатай, бодит байдлаас илүү дотоод сэтгэлийн дүрслэлийг илэрхийлэхийг зорьсон байдаг. Найруулагч Б.Ганболд дүрүүдийн дотоод сэтгэл зүйн байдлыг илэрхийлэхийн тулд гэрэл, сүүдрийн аргыг ашиглажээ. . Киноны зарим сцен байгалийн гэрэлтүүлэг, орчны натурал зураглалд суурилж байгаа нь неореализмын илрэл юм. Тодруулбал шоронд хоригдож байгаа хэсэгт Бат, Пагмадулам нар мэдүүлэг өгөөд алхаж байхдаа нарны гэрэл хананд тусаж буй хэсэгт зогсоход харгалзагч араас нь түлхэж байгаа нь хавчлага шахалтад орж, бусдын эрхэнд орсон сэтгэлийн хүнд байдал, хүнд харанхуй цаг үед хэсэгхэн ч гэсэн гэрэл гэгээ мөрөөдсөн дотоод сэтгэлийг илэрхийлжээ. Энэхүү кинонд гэрэл сүүдрийн шийдэл нь символик шинжтэй байгаа бөгөөд цаг үеийн хүнд хэцүү байдлыг хар бараан өнгөөр, аз жаргалтай, амар тайван байдлыг нарны гэрлээр илэрхийлжээ. Д.Пагмадулам шоронд байхдаа шоронгийн өрөөний жижиг цонхоор тусах нарны гэрэл өөд хараад өнгөрсөн үеийнхээ амар тайван, хүсэл тэмүүлэл дүүрийн үеийг бодож байгаа нь дотоод сэтгэлийн хямрал, цөхрөл, дэврүүн сайхнаар мөрөөдөж байсан ирээдүй нь үгүй болж буйг мэдэрч буй хөндүүрийг илэрхийлэх шийдэл болжээ. Тэдний Герман явахаас өмнөх цаг үе болон, сурч байх үе буюу аз жаргалтай байсан цаг хугацааг байгалийн гэрэл эсвэл хурц тод өнгөөр илэрхийлсэн бол зовлон хоригдож, хавчигдаж байсан шаналант үеийг хар бараан өнгөөр илэрхийлжээ. Шоронгийн өрөөнд байх хэсгийг гаргахдаа ерөнхий нэг планд үйл явдлыг барьсан нь экспрессионизмын шинжийг илэрхийлж байна.
3. “Пагмадулам” киноны дүрийн уран сайхан
1960-1970-аад онд Барууны ертөнцөд эрчимтэй хөгжсөн феминизм кино урлаг дахь жендэрийн дүрслэлийг эргэн харах, шүүмжлэх шаардлагыг бий болгосон юм.1970-аад онд семиотик, психоанализ, Марксист онол зэрэг шүүмжийн аргачлалууд кино судлалд өргөн хэрэглэгдэх болсноор феминист шүүмжийн онол улам боловсронгуй болжээ. Энэ үеэс Феминист кино шүүмж нь кинон дахь эмэгтэй дүрийн байр суурь, түүний харилцаа, дүрслэлд анхаардаг байна.1980-аад оноос Феминист кино шүүмжийн онол хөгжиж эхэлсэн гэж үздэг.
“Пагмадулам” киноны Д.Пагмадуламын дүрийг залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ маш чадварлаг бүтээсэн юм. Д.Пагмадуламын дүр бол эхэндээ ноёны хүүд богтлогдож байсан бол цаашид өөрийн хүсэл зоригоор амьдрах болсон үсрэнгүй дүр юм. Монголын нийгмийн феминизмийн дуу хоолой болсон түүний дүрийг бүтээсэн жүжигчин А.Номин-Эрдэнэ энхрий ялдам зан төрх, эрх шийдэмгий байдал гээд дүрийн дотоод сэтгэл зүйг тун чадварлаг бүтээснийг онцлох хэрэгтэй. Нийгэм цаг үеийнхээ тод дуу хойлой, гол хохирогч болсон хүний амьдралын хүнд бэрх он жилүүд, сэтгэл зүйн хямрал, өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч буй байдлыг амьдруулахад жүжигчнээс асар их мэдрэмж, ур чадвар шаардах ч залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ барьц алдсангүй.
1980 оны үеэс кино судлалд Психоаналитик хандлага эрчимжсэн бөгөөд Британийн кино судлаач, онолч, феминист шүүмжлэгч Лаури Малви “Male Gaze” буюу “эрэгтэй хүний харц” онолоо гаргасан байдаг. Энэхүү онол нь кинонд эмэгтэй дүрийг ихэвчлэн эрэгтэй дүрүүдийн хүслийн объект болгон харуулдаг.
“Пагмадулам” кинонд хуучны ёсыг даган хүчээр хүний эхнэр болсон Д.Пагмадулам энэхүү онол ёсоор эрэгтэй дүрийн хүслийн объект болж байгаа юм. Харин энэхүү объект шинжээс өөрийн хүсэл зоригийн эзэн болж, сэтгэл зүйн хувьд маш хүчтэй эмэгтэй болж буй нь дүрийн маш сайн өсөлт юм. Энэхүү түүхэн шинж болон уран сайханы нийлэмжийг сайн бүтээхгүй бол кино тэр чигтээ сулбагар болох эрсдэлтэй.
Залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ уг кинонд өөрийгөө нотолж түүхэн хэрэг нь бүдгэрч, бараг мартах шахаад байсан эмэгтэйг монголын кино урлагт тун сайн амьдруулсан юм. Киноны зохиол Д.Пагмадуламын дүрийг түүхийн баримтад тулгуурлан бүтээсэн бол найруулагч уран сайханлаг талаас нь нээхийг зорьжээ. Зохиолч найруулагчийн уг хоршлыг жүжигчин А.Номин-Эрдэнэ тун сайн бүтээсэн нь түүнийг монголын кино урлагт төрөн гарч буй чадварлаг жүжигчин болохыг тод томруун харууллаа.
СЭХЭЭТНИЙ ТӨӨРӨГДӨЛ ХЭМЭЭХ ТӨГСГӨЛ БҮЛЭГ
Кинонд хувьсгалын дараах ороо бусгаа байдал, хэлмэгдүүлэлтийн үеийн хүнд хэцүү төрхийг хурц тодруунаар өгүүлсэн тул түүхэн зохиолын реалист шинжийг хадгалж чадсан юм. Д.Нацагдоржийн тухай хийгдсэн хэд хэдэн киноноос дүрийг бүтээсэн байдал, түүхээс зөрөөгүй реалист шинжээрээ ялгарчээ. Өнгө будгаар гоёж гоодсон чамирхал дүүрэн түүхээр бүхэл бүтэн үндэстнийг төлөвшүүлсэн өнгөрсөн зууны суртал ухуулгын шинжийг уг уран бүтээл эвдсэнээрээ онцлог болжээ. “Пагмадулам” кино урлагийн салбарт “мэргэжлийн судлал, шүүмж” дутагдаж байгааг илчилсэн юм. Хувийн эрх ашиг, сэтгэл хөдлөлөөр турхирч нийгэм даяараа авьяаслаг, чадварлаг гэсэн хүмүүсээ хэмлэн тасчиж байсан өнгөрсөн зууны хэлмэгдүүлэлт, хардлага, сэрдлэгийн бараан сүүдэр аажим аажмаар нөмөрч буйг харууллаа. Тэрхүү бараан сүүдрийг үүсгэгч нь урлагийн мэдлэг хомс “Хар масс” аж. Түүхээ ч, урлагаа ч мэдэхгүй уянгалагчид “төмснүүд”-ийн буянд өнгөрсөн 30-аад жилийн туршид урлагийн салбар хөгжлөөсөө ухарч “Болор цом”-ын тайзан дээрээс хоосон усан уриалга шүлгүүд уншигдаж, чадал муутай нийтийн дуучид бөхийн өргөөг дүүргэж, чанар муу дуунцруудаа мөнгө болгож, элдэв дэмийрэл сэтгэцийн өвчнөө ашиг болгохоор шийдсэн арилжаачин зохиолчид алдаршиж, жүжгийн салбар зохиолгүй, кино салбар арилжааны эротик киногоор дүүрч байгаа нь даана ч харамсалтай./Чадвартай, авьяастай цөөнхийг хэлсэнгүй/ Иймэрхүү дүр байдал бидний нийгмийн амьдралд ч ажиглагдаж байна. Үг хэл, үзэл бодлоо илэрхийлсэн бүхнээ хааж, хорьж байсан өнгөрсөн зуун руугаа бага багаар ойртож буй өнөө үед жинхэнэ урлаг л энэ тэнэгэрлээс салгаж, нийгэмд соёлын үрийг тарьж, ард нийтийг соён гэгээрүүлэх учиртай. /Социалист уриа шиг…/
Жинхэнэ урлагийг гудамжинд гаргахгүйн төлөө энэ салбарын жинхэнэ эзэд дуугаа өргөж, энэ мэт эрээгүй гүжир явдлуудаас урлагаа өмөөрөн хамгаалах учиртай. Үндэстнээрээ “СЭХЭЭТНИЙ ТӨӨРӨГДӨЛ”-д орсон харанхуй үе рүүгээ буцах аюул ойр буйг 100 жилийн дараа дахин хэлмэгдсэн Д.Пагмадулам ойлгууллаа.
Урлагийн ус, тосыг ялгаж, урлагийн нэр баригч хүндэт/хөлдүү/ “төмс”-нүүдээс урлагаа ангижруулах шаардлага нэгэнт тулгарсныг ивээгч Янжиндулам ахайтан эдүгээ бидэнд сануулсаар…