БИДНИЙ НҮЦГЭН ҮНЭН ХИЙГЭЭД ҮЙЛИЙН ҮРИЙН ТОЙРОГ ДАХЬ БАС БУС ЗҮЙЛСИЙН ТУХАЙ
П.БАТХУЯГИЙН НЭРЭМЖИТ “ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛИЙН УРАН САЙХНЫ ШҮҮМЖ БИЧЛЭГ”-ИЙН УЛСЫН IX УРАЛДААНЫ МЭРГЭЖЛИЙН ШҮҮМЖ БИЧЛЭГИЙН ТӨРӨЛД II БАЙР ЭЗЭЛСЭН СУДЛААЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ХХ зуун түүх болон улираад 25 жил болжээ. Энэ хугацаа нь үндэстний урлаг соёлын түүхэнд богинохон хугацаа мэт боловч хүн төрөлхтний сэтгэлгээний түүхийн хувьд хамгийн хурдацтай, үсрэнгүй хөгжил гарсан, цахимжсан, олон нийтийн сүлжээ дэлхийг бүрхсэн, магадгүй виртуал нийгэм, ертөнц бий болсон, хөгжлийн нэгэн өвөрмөц үеийг туулж байна.
“Виртуал бодит байдал нь уран сайхны бүтээлийн хүрээнд ч уран сэтгэмжийн дүрийн бүхэл бүтэн ертөнцийг буюу хүн амыг “нутагшуулсан” бөгөөд эдгээр дүрүүд нь хөгжмийн болон уран зургийн шинэ шинэ боломжууд, бүжгийн цомнолууд, утга зохиол болон уран яруу найргийн шинэ бүтээлүүд төрөн гарах буюу хэлбэржих үндэс суурь болж өгсөн” (Большаков, Иконникова, 2016) байна.
Нийгэм цаг үеийн өөрчлөлт хувирал, хүмүүний танин мэдэхүйн цар хүрээ өргөжин тэлж, гүнзгийрэхийн хэрээр чухам энэ л үзэгдэл үйл явц, мөн чанарыг тусгадаг нэг ёсны “нийгмийн толь”, “амьдралын сурах бичиг” болсон урлаг нь мөн л хувьсан өөрчлөгдөж, баяждаг нь хүн төрөлхтөн хийгээд соёл иргэншлийн түгээмэл жам ёс гэдгийг судлаачид онцгойлон тэмдэглэж иржээ. Энэ л зүй тогтлын үүднээс шинэ зуунд манай урлаг, уран сайхны сэтгэлгээнд ихээхэн өөрчлөлт гарч буй. Энэ өөрчлөлтийг цаг алдалгүй багцлан, алдаа оноог нь шүүн хэлэлцэх нь судлаачдад тулгарч буй чухал асуудлын нэг билээ. Энэ ч үүднээс тухайн үеийн нийгмийн байдал тухайн цагийн урлагийн сэтгэлгээнд хэрхэн нөлөөлөв гэдгийг нарийвчлан тодруулах шаардлага, цаг хугацаа нь ч нэгэнт ирсэн гэж бид үзэж байна. Эл үеийн урлаг, уран зохиол, тайз, дэлгэцийн бүтээлийг тоймлон судалсан судалгаа одоогоор бараг үгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Тиймээс бид энэхүү судалгааны хоосон орон зайд өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулах үүднээс эл бичвэрээр монголын кино урлагт гарч буй шинэлэг туршилт, эрэл хайгуул болон алдаа дутагдал нь юунд оршиж буйг 2024 онд нээлтээ хийсэн кинонуудын жишээгээр авч үзэхийг хичээлээ.
Кино бол өөртөө бүх урлагийг багтааж чаддагаараа хамгийн өргөн цар хүрээтэй урлаг юм. Уран зураг, уран зохиол, уран баримал, уран барилга, дуу, хөгжим, бүжгийг кинонд үзүүлж, сонсгож болдог бөгөөд амьтныг тоглуулж болдгоороо циркийг ч өөртөө нэгтгэж чаддаг урлаг юм. Харах сонсох мэдрэхүйгээр хүнд хүрдэг бөгөөд орон зай, цаг хугацааны хязгааргүй боломжтойгоороо бусад урлагаас ихээхэн давуу талтай билээ.
Кино бол урлаг ч, бизнес ч, бас үзэл суртал ч мөн. Эдгээрийн зүй зохист хослол. Аль нэг нь хэтийдвэл утга чанараа алдана. Энэ цаг үед харамсалтай нь кино маань урлаг шинжээ алдаж, бизнес шинж нь давамгайлчихсаныг хэн хүнгүй хэлж, ярьж, бичсээр буй.

“Кино театруудын менежментийн холбоо”-ноос гаргасан 2024 оны монгол кино үзэгчдийн тоон мэдээллээс үзвэл тус онд нийт кино театрын хэмжээнд 2,726,869 тасалбар борлуулсан бөгөөд үүний 43,2% буюу 1,178,516 үзэгч дотоодын уран бүтээлийг үзжээ. Тус онд хамгийн олон үзэгчтэй бүтээлээр “Зура-3” кино 302.616 үзэгчээр тэргүүлж, “Хэлгүй жим-2: Дада” -146.959-р удаалж, “Үхлийн тойрог” 100.180, “Зүүдний кафе” 79.922, “Баавгай болохсон” 67.222 үзэгчдээр айрагдсан байна.
Хэдийгээр техник, технологийн хүчин чадал ихээхэн дээшилж, дэлхийн хамгийн шилдэг тоног төхөөрөмж нэгэнт орж ирсэн, дуу, дүрсний болон пост продакшны технологи зохих хэмжээнд хүрч шинэчлэгдэн, монгол кинонуудын “зүс царай” илэрхий сайжирсан ч гэлээ чанаргүй, муу бүтээлүүд гарсан хэвээр л буй.
“Сайхан зохиол бидэнд баатрынхаа тухай чин үнэнийг өгүүлж байдаг бол муу зохиол бидэнд зохиолчийнхоо тухай жинхэнэ үнэнийг өгүүлж байдаг” гэсэн Ж.К.Честертоны үг байдаг. Энэ зөвхөн бичгийн зохиолд хамаарах зүйл биш, ерөөс урлагийн бүхий л төрөл зүйлд хамаарна. Тэр дундаа өнөөгийн манай кино салбарт маш их хамааралтай болчхоод буй. Кино бол хамтын бүтээл, нийлэг урлаг мөн ч “Усны эх нь булингартай бол адаг нь булингартай” гэгчээр муу зохиолоор сайн кино бүтээх үндэс байхгүй. Киноны уран бүтээлчид сайн зохиолоор ангаж цангаж суудгаас цангасан хүн бохир түүхий усыг ч яаран уудаг шиг түүхий зохиолыг шүүрэн авч боловсруулах гэж арга ядсан байдал ихээхэн ажиглагддаг. Сүүлийн үед бүтээсэн киноны зохиолыг мэргэжлийн туршлагатай зохиолч бичсэн нь тун ховор. Ихэвчлэн киноны уран бүтээлч, найруулагч, продюсер нь өөрсдөө бичдэг. Тэд жүжигчин дутахад өөрсдөө кинонд тоглодог шигээ кино зохиолыг өөрсдөө биччихнэ гэж боддог бололтой. Тэд киноны онцлогийг сайн мэддэг ч үйл явдал өрнүүлэх, үг хэлээр дүрийн зан төрхийг илэрхийлэх авьяас чадвар хомс тул уран бүтээлд нь ихээхэн алдаа дутагдал гарах шалтгаан нь болсоор буй. Энэ мэт саар зүйлсийг тоочоод байвал кино урлаг дахь алдаа дутагдал, зовлон бэрхшээл мундахгүй ээ.
Монгол кино дэлхийн зах зээлд…
Саяхан болтол монгол кино гадаадын зах зээлд өөрийн зохих байр, суурийг, эзэлж ашиг орлого олж, алдартай кино фестивалиудаас шагнал хүртэхийг харах нь хэн бүхний мөрөөдөл байлаа. Судлаач, шүүмжлэгчид “Мэдээж кино бүтээгч, үзэгч гээд хэн хүнгүй л монгол кино гадаадын зах зээлд цахиур хагалж, ашиг орлого хүүдийлж, нэр хүндтэй наадмуудын шагналыг хамж монголын кино урлаг дэлхийд цоллуулах өдрийг мөрөөддөг байх. Гэвч кино түүхийн 120 жилийн хугацаанд тасралтгүй нэг л жимээрээ урагшилсаар нүсэр бүтэц, тогтолцоо, соёлыг бий болгосон хөгжингүй улс гүрнүүдтэй бид өрсөлдөж чадах уу гэдэг нь асуудал. Юутай ч өнөөгийн нөхцөл байдлаар, ойрын ирээдүйд ч тэр бид өндөр өртөгтэй блокбастер үйлдвэрлэж Холливудтай өрсөлдөж чадахгүй нь үнэн. Тиймээс Холливуд зүг рүү хараалах бидний шийдэл биш. Дэлхийн зах зээлд өрсөлдөх кино гаргатал ч хол байна” (Тэгшзаяа, 2015) гэхчлэн бичиж байсан цаг саяхан.

Гэтэл монгол кинонууд Азийн төдийгүй дэлхийн томоохон кино наадамд шалгарч, тэргүүн шагнал хүртэж эхлэв. 2024 оны хувьд Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэхүйц томоохон амжилттай жил болж өндөрлөлөө. Тухайлбал П.Золжаргал найруулагчийн “Баавгай болохсон” кино Каннын кино наадамд шалгарсан анхны монгол кино болов. Түүнчлэн найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” 19 дэх удаагийн Осакагийн Азийн олон улсын наадмын “Шилдэг кино” тэргүүн шагналыг хүртэж, мөн киноны гол дүр Б.Тэргэл “Шилдэг шинэ авьяас” шагналын эзэн болж, 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцов. Бас найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” кино Эстонийн Таллин хотод зохион байгуулдаг дэлхийн кино урлагийн А зэрэглэлийн “Хар шөнө” кино наадмаас гранпри болон “Шилдэг зураач”-ийн шагнал хүртэж, “Osaka Asian Film Festival 2025”-с “Азийн шилдэг жүжигчин”/Best Actor Award/ шагналыг киноны гол дүрийн жүжигчин А.Түвшинбаяр хүртэв. Мөн найруулагч Б.Чингүүний “Enlightened” кино АНУ-ын “New York Movie Awards-2024” олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарч, Гран при хүртлээ.

Мөн онд манай кино уран бүтээлчид гаднын уран бүтээлчидтэй хамтран кино төсөл хийж эхэлсэн сайхан жил байлаа. Тухайлбал, “Хүлэгү пикчерс” компани, БНСУ-ын “Кортоп медиа” компанитай хамтран “Өмнөдийг зорих замд”, “Dream entertainment”-ийнхэн Тайландын “White light” кино компанитай хамтран “Үхлийн тойрог” киног бүтээж, хоёр оронд нээлтээ хийв. Энэ хамтын ажиллагааны талаар судлаач Я.Баяраа “Энэ бол монголчууд ямар нэг зээл тусламжаар биш, ах дүү орнуудын найрамдалт харилцааны хүрээнд биш, кино сангийн дэмжлэгээр биш цэвэр бизнесийн зорилгоор гаднын ижил төст компанитай хамтран ажиллаж, бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн анхны тохиолдол юм. Ямар боловч монголчууд хөрөнгө, хөдөлмөр шингэсэн бүтээлээ Өмнөд Солонгосын өрсөлдөөнт кино зах дээр аваачаад тавьчихлаа. Энэ бол шинэ зам юм. Энэ зам бол мөнгөний зам юм. Мөнгө Монгол руу урсаж эхлэх зам юм. Үргэлж бусдын гарыг харж дадсан Монголын урлагт гарсан өөдрөг, шинэ эхлэл юм. Энэ эхлэл, энэ туршлагыг харин мөнгөөр хэмжих боломжгүй” (Баяраа, 2024) хэмээжээ.

БИДНИЙ НҮЦГЭН ҮНЭН
“Бодит байдлыг илчлэхийн тулд нүцгэн (хэвтэх) үнэний хүчийг эрэлхийлэх хэрэгтэй” (The Routledge encyclopedia of film theory, 2014: 304)
Нэг үеийн хоёр эмэгтэй найруулагч гэр хороололд амьдрах өсвөр насны хөвгүүдийн амьдралаар дамжуулж, бидний нүцгэн үнэнийг дэлгэцнээ дэлгэн тавьсан нь монгол кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Тэсэн ондоо бүтээлүүд мэт боловч гол дүрүүд нь хоёулаа өсвөр насных, нэг нь сурахын тулд олон бартаа саадыг давж буй бол нөгөө нь сурахын хажуугаар өв уламжлалаа тээж явах үүргийг нуруун дээрээ үүрсэн жирийн л хоёр хүүгийн тухай. Ингээд бодохоор монголд амьдарч буй өсвөр насныхан хүртэл ямар их ачааг нуруун дээрээ үүрч явдгийг, сурч боловсрохын тулд хэчнээн олон саад бэрхшээлийг давдгийг гайхалтай үзүүлж чаджээ. Энэ хоёр бүсгүй нэг зүйлийг хоёр талаас нь өөр, өөрийнхөөрөө арга барилаар харуулжээ.
Урлаг, уран сайхны үзэгдлүүдийг хамгийн ерөнхий, хийсвэр, тойм байдлаар реалист ба реалист бус чиглэл хэмээн хоёр том ангилалд хуваадаг билээ. “Үнэн байдлаас эх авч түүний мөн чанар утга учрыг яруу сайхнаар утгачлан (үнэн зөв) гаргаж үзүүлэх уран туурвилын аргын хэв төлөвийг реализм гэнэ” (Гаадамба, 1989: 233). Урлаг судлаач Г.А.Недошивины үзснээр “бодит байдал, амьдралын үнэнийг тусгаж чадах цорын ганц чиглэл нь реализм” билээ. Энэ утгаараа реализм амьдралын үнэн хэмээх ойлголттой гүн гүнзгий холбогддог.
Реализм гэдэг нэр томьёог нэгдүгээрт: бодит амьдралыг үнэн зөв тусгах зарчмуудыг хэрэгжүүлэх уран бүтээлийн арга, хоёрдугаарт: уран зохиолын тодорхой дэг сургууль, бие даасан чиглэл гэсэн утгаар хэрэглэдэг. Уран бүтээлийн энэ аргын гол шалгуур нь юмс үзэгдлийг байгаагаар нь үнэн дүрслэх зарчим бөгөөд уран сайхны дүрийн зан төрх, нөхцөл байдал, хэв шинжийг бүрдүүлэх өвөрмөц барилаар дамжин илэрдэг. Ерөнхийг тодорхой хэлбэрээр, зүй тогтлыг үзэгдлийн хэлбэрт шилжүүлэх нь реалист урлагийн гол хууль болно. Энэ бол дүр, юмс үзэгдлийг учир зүйн холбоо, хөгжил хөдөлгөөнд нь бодитой дүрслэх, үйл явдлын гол шинжийг нээн, оюун санаа хийгээд амьдралын нөхцөл байдлын онцлогтой уялдуулсан “үнэн байдлын дүр зураг” болгон хувиргах зарчим болно. Амьдралын бодит байдлыг түүний нийтлэг шинжүүдээр нь үнэн зөв дүрслэн харуулах зорилго бүхий урлаг, уран зохиолын чиглэл. Латин хэлний биетэй, бодитой гэсэн утга бүхий үгээс гаралтай нэр томьёо болно. Тус урсгалын зорилго нь урлагаар дамжуулж бодит байдалд шүүмжлэлтэй хандах явдал юм.
“Найруулагч нийгмийн реализмын уламжлалаар Монголыг дэлхийд нээж өгчээ” (Фрэдэрик Штраусс )
“Кино найруулагчийн хувьд ч “хэлбэр” арга барил нь амин чухал үүрэгтэй байдаг. Кино зураг авалт хийхийн тулд сэдэв /санаагаа зөв хүргэх/, хүссэн төгсгөлдөө ямар хэлбэрээр хүрэх зэргээ шийдэх хэрэгтэй болдог. Түүнчлэн камераа хаана байрлуулах, өөр өөр байрлалаас авсан дүрс эргээд үзэгчдэд ямар нөлөө үзүүлж болохыг найруулагчид тунгаан шийдэх хэрэг гардаг. Үйл явдал бүрийг гол дүрийн өнцгөөс харуулах уу, эсвэл эн тэнцүү байдлаар зөвхөн дээрээс үзүүлэх үү гэдгээ зохиогч найруулагчийн сонгосон хувилбараар шийддэг. Аяыг сэтгэл түгшээх эсвэл намуухан гэх мэтээр сонгодог шиг гэрэлтүүлэгээ ч ман ялгаагүй, бүүдгэр эсвэл хэт тод гэрэлтэй байлгах уу гэдгээ сонгоно” (Майкл Райн, 2018: 28).
Монголын нийгмийн нүцгэн үнэнийг шүүмжлэхийн тулд найруулагч найруулагч П.Золжаргал реализмын аргыг сонгосон нь тун ч оновчтой шийдэл болсныг хэлэх гээд дээрх баахан онолын үгсийг эш татчихлаа. “Баавгай болохсон” бүтээл нь баримтат киноны хэлбэр хийцтэй, хэт бодит (реалист) өнгө аяс, дүрслэлтэй. Киноны уг зохиол, зураг авалт, жүжигчдийн тоглолт дээр илүү дутуу хэтрүүлэг, жүжиглэлт, уран сайхны халил, уянга үгүй. Яг л өнөөгийн манай орны бодит байдал, нүцгэн үнэнийг дүрслэлийн хэлээр буулгасан бүтээл юм. Улаанбаатар өвөлдөө утаатай, зундаа өмхий. Асуудлыг бид улирлын чанартай мартаж, санана. Бид ийм байдалд дассан бололтой. Үүнийг л найруулагч шүүмжилсэн байна. Бидний мөрөөдөл, бидний асуудал, бидний цөхрөлийг их энгүүнээр нүцгэнээр нь дэлгэн үзүүлсэнд энэ киноны гол онцлог оршино.
Киноны нэр нь өөрөө их бачуурлыг илтгэнэ. Нэр нь шууд болон далд утгатай. Баавгай нь тэвчээр эр зоригийн бэлгэ тэмдэг билээ. Харин Азийн зарим оронд баавгай нь оюун санааны өсөлт бойжилтын хувьд ганцаардмал шинжийн бэлгэдэл болдог аж.
“Бүгдээрээ баавгай байсан ч болоосой. Өвөлжин ичээд, ханиад хүрэхгүй, даарахгүй гоё байхгүй юу…”
Шууд утгаараа киноны нэр нь аргаа барсан хүний үг юм. Баавгай болоод ичих хүсэл. “Би халин нисэх шувуу болохсон” гэж гэгээнээр хүсэж мөрөөддөг хүүхдүүдийг ингэж хэлтэл нь шархлуулсан цөвүүн нийгмийн нүцгэн үнэнийг ийн бэлгэдэж. Харин нөгөө талаараа монголчууд бид ямар тэнэг тэвчээртэй, тэнэг хүмүүс вэ гэдгийг илтгэж. Басхүү оюун санааны хувьд бид ямар доройтолд орчихсон буйг бэлгэдсэн байна. “Үзэгч, уншигчдын сэтгэлийг хөдөлгөж таашаал мэдрүүлж чадах эсэх нь уран бүтээлчийн үг болон дүрслэлийн сонголтоос шууд хамаарна” (Майкл Райн, 2018: 43).
Кино хэдий реалист аргаар бүтсэн ч дүрслэлийн элементүүд, киноны зохиолын нарийн жижиг зүйлс нь далд бэлгэдэл, дүрст зүйрлэл (visual metaphor)-ээр бүтжээ. Олон зүйлийг далдуур сануулсан зургийн план (suggestive framing) ашиглан үзэгчдэд дэлгэн харуулдаг. Кинон дээр хүүхдүүд хөзөр тоглодог сцен гардаг. Хархад энгийн л нэг гэр бүлийн уур амьсгал өгсөн сцен шиг харагдах ч дүү нар нь бүгд Өлзийг газраас мод ухуулж байгаа нь амьдралын хамаг ачаа ахынх нь нуруун дээр ирж байна гэсэн илэрхийлэл болов уу гэж бодогдмоор. Метафор ийм үл анзаарагдам байхдаа амттай байдаг.
“Түүнчлэн, уг киног онцгойруулах бас нэг найрлага нь түүний дүрслэл тавилт болоод өнгө тавилт юм. Уран сайхны гоо зүйд анхаарсан боловч, реализмаа хэзээ ч алдаагүйгээрээ гайхалтай. Тодруулбал, киноны зураглалыг яг зөв өндрөөс кадрлаж, харууцыг амьд хийгээд сайхан харагдах тэр өнцгөөс гаргаж ирэхийг хичээсэн нь мэдэгдэнэ. Ийнхүү, дүрслэлээ зүрх сэтгэлтэй болгосноор, хүнд хэцүү нөхцөл байдлын зураглал ч тэгтлээ горь тасарсан шинжтэй болоогүйгээрээ тайзны тавилтын энэ сонголт төгс болсон байна. Энэ сонголтын ачаар, үзэгч олны нүдэнд нөхцөл байдал хоногшин үлдэх аж. Өөрөөр хэлбэл, амьд оршихуй зүгээр л өөрийгөө мэдэгдэхэд тус болсон энэхүү сонголт нь аливаа хэтрүүлэггүй юм. Ингэснээрээ, өгүүлэгдэж буй түүх нь киноны явцад үзэгчдэд маш ойр байхын сацуугаар, кино дууссаны дараа ч үлдэж хоцрохуйц болжээ. Тиймээс ч, кино зураглаач Дэлгэржаргалын Даваанямд халуун баяр хүргүүштэй” (PAR Geoffrey Nabavian, 2023).
Киног чимсэн уран хийц бүхий хэсгээс жишээ татан бичвэл:
“Та нар намайг алмаар байна уу, пизда нар аа?”
Киноны эхний үзэгдэл хар дэлгэц болон энэ санаанд оромгүй цочмоор өгүүлбэрээр эхэлдэг. Хэр хүнд хараалын үг вэ гэдэг нь биш хэр жаахан хүүхэд үүнийг хоолой мэдэн хашхирч байна аа гэдэг нь илүү санаа зовоомоор тийм хэсэг. Камер “ажиллаж” эхлэх үед дөрөв орчим насны эрэгтэй хүүхдийг гурван ах эгч нь өмдийг нь шувтлаад орон дээр доош харуулан дарж байдаг. “Юу л болоод байна даа” гэж санаа зовж эхлэх үед камерын дүрсэнд тэдний ээж орж ирэн, жаал хүүгийн бархирч буйн шалтгаан тодорхой болж, сэтгэл амарч бүр инээд ч хальт хүрнэ.
Энэхүү үзэгчдийн анхаарлыг өөртөө бат татах эхний үзэгдэл монгол гэрт болох боловч камер “гадаа гарах” үед үйл явдал болж буй газар нь хөдөө нутаг биш, утаа суунагласан Улаанбаатарын гэр хороолол гэдэг нь тодорхой болдог.
Өвдсөн дүү нь эмчид үзүүлж буй хэсэгт “гүнзгий амьсгалаад, гүнзгий амьсгалаад” гэж эмчийн хэлж буйг утаатай хоттой хамтатган харуулж буй нь “олон таван” үггүй маш хүчтэй илэрхийлэл байв.
“Манай аав мянгат малчин байлаа. Нэг зуднаар л тал нь үрэгдсэн дээ” гэх хүүгийн яриагаар энэ айл яагаад хот бараадсаныг, хөрш өвгөний “Хоёр сайхан хүүтэй байлаа, ганц зуднаар гэдэг шиг нэг ослоор хоёулаа...” гэх товчхон харилцан яриагаар тэдгээр дүрийн өнгөрснийг ярайтал гаргаж ирдэг. Энэ мэт кинонд дулаахан, хөнгөн хөгжилтэй, бухимдмаар, тайван, сэтгэл уярам, бодууштай гээд бидэнд төрөл бүрийн сэтгэл хөдлөлийг мэдрүүлэх хэсгүүд гардаг. Энэ мэтчилэн зураг авалт, эвлүүлэг, хөгжим, дуугаралт, зохиолын бүтэц гээд бүхий л тал дээр найруулагч өөлөх зүйлгүй сайн ажилласан байна.
Ядуурлаас гарах түлхүүр-боловсрол
“Ядуурлыг арилгах хамгийн шилдэг арга бол боловсрол. Энэ бол зөвхөн Монголын ч асуудал биш. Хүүхэд бүрд тийм боломж олдох ёстой. Би хамгийн сайн ахлах сургуульд суралцаад, тэндээсээ Японд тэтгэлгээр суралцсан учраас хувийн туршлагаасаа ярьж байна. Өнөөдөр би гурван хэлээр ярьдаг, өөрийгөө болгоод явж чаддаг. Киногоор дамжуулж хэлэх гэсэн бүх сэдэв, санаа маань энд байгаа учраас би буцаж ирсэн. Харин найзууд маань нөгөөх л хорлонт тойрогт үлдэж гацсан хэвээрээ” (П.Золжаргал)
“Монголын нийслэл Улаанбаатар хотноо, ядуу амьдралтай өсвөр насны нэгэн хүү гэр бүлээ авч явах, эсвэл өөрийн гэсэн сайхан ирээдүй мөрөөдөх гэсэн хоёр туйлын хооронд эргэцнэ. Монголын кино найруулагч Пүрэвдашийн Золжаргал маш сайн хийгдсэн энэхүү анхны бүрэн хэмжээний уран сайхны кинондоо хөгжиж буй энэ улс даяар мэдрэгдэж байгаа зөрчилдөөнийг хувь хүний туулж буй амьдрал замналд багтаан харуулжээ. Ингэхдээ, хөгжил дэвшил рүү алхах замд нь уламжлал нь орхигдон хаягдаж буйтай уялдаж, аргагүй болсон олон хүн ядуурлын түвшнээс ч хамаагүй доор унаж байгаа өнөөгийн Монголын төрхийг дүрсэлсэн байна” (Nikki Baughan, 2023).
Энэ л бидний үнэн байдал. Өөрийнхөө үнэн байдалтай нүүр тулж, хүлээж авах угаас гашуун байдаг шүү дээ. Ядуурлаас гарах ганцхан түлхүүр бий. Тэр нь боловсрол гэдгийг ойлгуулж, гол дүрийн хүүхдүүд одоо хэцүүхэн байгаа ч ирээдүй нь гэрэлтэй гэдэг итгэлийг өгөөд кино дуусдаг.
“Чухамдаа Бурхны сургаалд заадагчлан зовлонг арилгахын тухайтад зовлонгийн шалтгааныг олж огтолж устгах хэрэгтэй онцолдог. Зовлонгийн нэг том шалтгаан нь ихэнхдээ мунхгийн харанхуйгаас үүдэлтэй. Үүнийг нь ертөнц хорвоогийн юм үзэгдлийн мөн чанар барилдлагыг мэдэрч мэдсэний үндсэн дээр таслан арилгаж гэтлэх боломжтой бөгөөд энэ нь алив зүйлийг мэдэх ойлгон сурах боловсролыг хэлээд байгаа хэрэг. Хэрэв та сайн боловсролтой бол түүний үр ачаар элбэг дэлбэг, тайван амгалан амьдрах бүрэн боломжтой тогтолцоо бүхий нийгмийг цогцлоон бүтээхийг зорьж амьдарч байгаа билээ. Сайн чанартай боловсролын тэгш хүртээмж өнөөдрийн нэн тулгамдсан асуудал бүх асуудлын түлхүүр, гарц гаргалгаа болоод байгаа тийм л цаг үед бид хамтдаа амьдарч оршиж байна” (Цогтбаяр, 2024).
“Тэнгэр минь намайг харж байна уу”
Жангарын орон бол “өвөлгүй хавраар, зунгүй намраар, халах халуунгүй, даарах хүйтэнгүй, сэр сэр хийсэн салхитай, бур бурхийсэн хуртай бумбын сайхан орон” байдаг билээ. Ийн салхины зөөлөн үлээх “сэр сэр” гэх дүрслэлээр тухайн орны амар амгаланг дүрсэлсэн байдаг билээ. Тэгвэл найруулагч П.Лхагвадулам “сэр сэр салхи”-аар өсвөр насны хүүгийн дотоод ертөнцийн зөрчил, мэдрэмжийг л илэрхийлэн гаргахыг зорьжээ. Киноны дүрс эхлэхээс өмнө сэвшээ салхины чимээ сонстож, гарчиг гарахаас өмнө дуниартсан уулын энгэрийг бүрхэх гэр хороолол үзэгдэнэ. Энэ дунд нэгэн гэрт онгодоо буулгасан бөө урд нь өвдөглөн суух өвгөнд аргил бүдүүн хоолойгоор “амгалан бай” хэмээн захина.
Тус “кино нь яг л нэр шигээ “Салхины гудам”-нд амьдрах өсвөр насны хүүгийн дотоод сэтгэлийн зөрчилдөөн, хайр дурлалыг өгүүлэнгээ өвөг дээдэс, гэр бүлийн халуун дулаан харилцаа, амин холбоог нягт нямбай, гүн хүндэтгэлтэйгээр холбон уяж, нэгэн бүхэл санааг илэрхийлэн гаргасан” (Сүзүки Томояа, 2024) байна.
Салхи бол бидний нүдэнд харагдах хэлбэр дүрсгүй, үзэгдэх өнгө төрхгүй ч агаарт хийн орчинд гарцаагүй орших байгалийн үзэгдэл билээ. Бидний амь амьдралын эх үүсвэр хий агаар, орон зай. Найруулагчийн хэлэх гэсэн нэг гол санаа нь бидний дунд харагдахгүй ч гэсэн онгод тэнгэр, сахиус яг л салхи шиг оршин буй гэдгийг үзүүлэх гэсэн болов уу. Басхүү “сэр, сэр” гэж шууд утгаар нь монголчууд биднийг сэрж, сэхээрээсэй гэсэн утгыг агуулсан байх.
“Киноны туршид үйл явдал гэхээс илүүтэй энэ бүтээлийн тэр нэг сэтгэл хөвсөлзүүлэх салхиар туугдан, мартах шахсан жаахныхаа хүсэл, мөрөөдлөөр хэсүүчлэв. Урдах амьдралдаа дарагдаад бид чинь юун хуучин сайхнаа дурсах, хөлөө олохгүй л толгой гудайлган амьдарч яваа юм биш үү дээ. Кино эхлэхээсээ дуусах хүртлээ өөрийн минь машид санасан өөртэй минь уулзуулсанд тэр сүнслэг, эрчимлэг байдал нь өнөөдөр ч үүнийг бичин ахуйд мэдрэгдсээр л байна” (Цотан, 2023).
Сэр сэр салхи ямар кино вэ гэж үү? Шидтэй кино. Өөрөө ч мэдэхгүй ховсдуулдаг кино. Өгүүлэмж, мэдрэмж, хэмнэл, дүрүүдийн сэтгэлийн гүнд гэрэлтэх нар, гол таслах мэт шаналал нь ч орилоон чарлаан, дэвссэн хөгжим дээр ихэр татаж уйлахгүй ч та дотроо өмнөөс нь өвдөнө, өмнөөс нь баярлана, бүрэн дүүрэн ховсдуулна. Дүрүүдтэй хамт амьдана. Тус кинонд хүний бие махбодын ертөнц, сүнсний ертөнц, мөрөөдлийн ертөнц, зүүдний ертөнц, далд ухамсрын ертөнцийн тухай өгүүлэхдээ монголын нийгэмд буй асуудлуудыг жижиг диалоги, деталиуд, үйл явдал зэргээр аль болох шингээж харуулахыг зорьсон байна.
Үүний сацуу “visual storytelling” буюу чанартай зураглалаар үзэгчдэд санаагаа илэрхийлэх, орчноо таниулах, дүрүүдээ мэдрүүлэх зэргээр зураг авалтын гайхалтай гүйцэтгэлийг хийжээ. Түүнчлэн Лхагвадулам найруулагч “subtlety” буюу аливаа хэлэх гэсэн зүйлээ шууд бус замаар үзүүлэх аргыг гарамгай хэрэглэж буйг харж бишрэх нь уг бүтээлийг таашаах нэгэн том шалтгаан байлаа. Үүний хамгийн энгийн тод жишээ нь Зэгийн эгч мөн түүний “хэлмэрч” Оюугийн дүртэй холбоотой эхний үзэгдлүүд. Киноны чухал мөчүүдэд нэгээс олон үйл явдал өрнөж байгааг харж болно. Жишээ нь Зэ Маралаатай анх тулгарахад Оюу юу хийж буйг, уулзчихаад машинд явж байхад Зэ рүү яаж/яагаад харж байгааг, бас Зэгийн бодол санаа хаана явааг сайн харж гэхдээ бас сонсож ажиглаарай. Энэ үед машинд сонсогдох дуучин Б.Бадар-Ууган, Я.Оюундэлгэрийн “Хайрын дурсамж” дууны хэсэг үнэхээр нүдээ олсон (чихээ олсон) сонголт болжээ.
Найруулагч Зэ Маралаа хоёрын зан төрх, харилцан яриагаар дамжуулан өв уламжлал, орчин үе, сүсэг бишрэл, рационал ухаан хоёр заавал эсрэгцсэн зүйлс биш гэдгийг харуулсан нь онцолмоор чухал санагдсан. Эдгээр нь хамт оршиж болдог, өнөөгийн Монголд угаасаа л хамт оршиж байгаа зүйлс гэдгийг харуулж чаджээ. “Гайхамшиг гэдэг бол гэгээн тунгалаг, чин үнэн, ариун сэтгэл” (Д.Батбаяр)
Кинонд их хотын буюу суурин иргэншлийн цаг хугацаа-орон зай, хэмнэл тэргүүтэн нь хүнд сэтгэл зүйн ихээхэн дарамт үзүүлж буйг нэг их хүчлэлгүй харуулж чаджээ. Нэг талаас өнөөдрийн Монголын маш хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд залуус соёлоо хэрхэн тээж, амьдарч буйг харуулж. Нөгөө талаас орчин үеийн олон талт байдал, зөрчлийг гаргахаасаа илүү янз бүрийн амьдралын түүхээр дамжуулан Монголын нийгмийн нийтлэг дүр төрхийг өгүүлжээ. Мөн түүнчлэн чин зүрх сэтгэлийн харилцаа, чин үнэн сэтгэл монголчуудад ихээхэн дутагдаж буйг киногоороо дамжуулж хэлжээ.
“Амьдрал хүчир, хатуу байх тусам хүүхдэд хүүхдээрээ байх орон зай, залуу хүнд залуу насны жаргал цэнгэлийг таашаах цаг хугацаа дэндүү богино болдог. Монгол хүний залуу хүн шиг амьдрах, дэггүйтэх, хэний ч өмнө хариуцлага хүлээлгүй дураараа дургих хугацаа бусад үндэстнийхээс даруй хэд дахин богинохон байдаг шиг надад санагддаг юм. Тиймдээ ч Зэ, Марал хоёрын амьдрал, ирээдүйгээ зөгнөж мэдрэх гэсэн оролдлого сэтгэл хөвсөлзүүлэв. Цэвэрхэн, гоё газар үзэхийн тулд л юу ч авахгүй хэр нь дэлгүүрээр хоосон сэлгүүцэх өсвөр насны хүүхдүүд. Энэ хот үйлчлэх эсвэл үйлчлүүлэх, худалдах, худалдаалах, мөнгө олох эсвээс үрэх гэсэн хоёр туйлт сонголтоос өөр юу ч үгүй газар бөгөөд, энд амьдрахад ямагт цэвдэг хүйтэн хэр нь давчуу бүгчим оргиж байдгийг тэдний эл зугаа харуулав. Бид харав, тэгээд тэсгэлгүй ихээр харамсав.
Зэгийн дүрийг би Ж.Д.Сэлинжерийн “Хөх тариан талбайд” зохиолын гол дүр Холдентой зүйрлэм санагдлаа. Хэн ч гуйгаагүй атал бүхний өмнө хариуцлага хүлээсэн бяцхан хүүхэд. Ил хэлэхгүй ч дотроо хүн бүхнийг энэрэх, сайн хүнд тусалж явах, бусдыг хайрлах хүсэл тэсгэлгүй ихээр төрөхийн зэрэгцээ үүрэг хариуцлагыг ухамсарлаж чадсан ч сэтгэл нь гэнэн цайлган хэвээр яваа хүүхэд. Хайрладаг хүнээ алдах, өндрөөс унаж өвдөхийн шаналлыг хэтэрхий эрт мэдэрсэн хүү өөр хэнийг ч, ямар ч жаалыг өндрөөс унагахыг хүссэнгүй. Гэнэн жаалуудыг тосоод авах эрхэм үүрэг хүлээсэн харуул болохыг мөрөөднө. Хөрш өвөөгийнхөө архичин хүүдээ хэлж чадалгүй өөд болсон тэр л нандин үгсийг далдыг мэдрэх чадвараараа олж сонссон Зэ, хүүд нь туслах гэж (насаар бол өөрөөс нь том хүн шүү дээ) эцгийнх нь хэлэхийг хүссэн ерөөлийн үгсийг зүүд нойрон дунд нь шивнэх мөчид би Холдены хүсэл, Зэгийн хүсэл нэгэн адил юм гэдгийг мэдэрч, тэр хэрээрээ сэтгэл хөндүүрлэв” (Сумъяа, 2024).
Киноны туршид яг гурван удаа хангай дэлхийд цай сүүнийхээ дээжийг өргөж байгаа хэсэг гардаг бөгөөд энэ нь найруулагч П.Лхагвадулам эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө өргөж буй ерөөл юм. “Жангарын амгалан орон” болоосой хэмээх ерөөл гэлтэй.
ҮЙЛИЙН ҮРИЙН ТОЙРОГ ДАХЬ БАС БУС ЗҮЙЛС
“хорвоогийн тачаал шуналд олзлогдон, шаналал зовлонд автаж, төөрөлдөн тарчилна. Нүгэлт үйлийн үрээ даахгүй зовж, төөрөгдлийн нэг уулнаас нөгөө ууланд хэсүүчилнэ” (Бурхан багшийн сургаал, 16)
“КАРМА (Үйл). Хэдийгээр анх энэ үг “үйл” гэсэн жирийн утгатай байсан боловч учир шалтгааны онолтой холбоотойгоор урьд өмнө үйлдсэн янз бүлийн үйлийн үр дүнд хуран хуримтлагдсан нэг ёсны нөөц хүч хэмээн тооцогдох болсон байна. Тодруулбал, хүний үйл бүр сайн, муугаасаа шалтгаалан ирээдүйд сайн эсвэл муу үр дүнд хүргэнэ. Улмаар хүний ирээдүйд нөлөөлөх энэхүү хүчийг карма (үйлийн үр) хэмээн нэрлэдэг болжээ. Хэрэв сайн үйл бүтээвэл буян хурж, түүний нөөц хүч, тэр үйлийг үйлдсэн хүний ирээдүйд сайнаар нөлөөлдөг гэж үзнэ. Хүний үйлс: бие, хэл болон сэтгэлийн гэж гурав хуваагддаг аж.
Үйл үр хэмээх энэ зүйл утга зохиол, урлагийн маш сонирхолтой сэдэв болдог. Кино урлагт ч энэ сэдэв чухал байртай. Солонгосын алдарт найруулагч Ким Ки Дук эл сэдвээр гайхалтай бүтээл туурвисан байдгийг та санаж буй биз ээ. “Хавар, зун, намар, өвөл, дахиад хавар…”. Киноны нэр ч гэсэн ихээхэн утга учиртай. Үйлийн үрийн тухай, бүх зүйл буцаад байрандаа ирдэг тухай өгүүлнэ. Эргэх дөрвөн улирлын дарааллыг бид сольж чаддаггүйтэй адил өөрсдийн амьдралд тохиох хүсэл, шунал, харамсал, шаналлыг ч бас дураараа зохицуулж, хольж сольж болдоггүй. Хавар шиг нахиалж, зун шиг дэлгэрч, намар шиг хагдарч, өвөл шиг даардаг нь эгээ л хүний амьдралын эргэлт гэлтэй. Зэн буддизмын сүмд бяцхан хүү, өвгөн багшийн хамт амьдарна. Жаалхүү амьтан тарчилгаж дүрсгүйтсэнийхээ хариуд нуруундаа том чулуу бэхлүүлчхээд, түүнийгээ үүрэн явж, өнөөх зовоосон амьтдаа олж чөлөөлөх шийтгэл амсана. Өвгөн багш: “Хэрвээ чиний тарчлаасан амьтад үхсэн байвал чи наад чулуугаа нуруундаа биш сэтгэлдээ бүх насаараа тээж явах үйлийг эдэлнэ гэдгээ санаарай” гэж анхааруулдаг. Энэ үг л киноны ерөнхий санаа болдог. Хүү нас биед хүрч сүмд нэгэн бүсгүй ирнэ. Хүү түүнд дурлана. Харин дараа нь тэд сүмээс зугтана. Удалгүй залуу хардалтаас болж эхнэрээ хөнөөнө. Аллагын дараа сүмд ирээд удалгүй цагдаад баригдан буцаад явах залуу. Харин багш нь амиа егүүтгэнэ. Ялаа эдэлж дуусаад эзэнгүй сүмдээ ирэх хижээл эр. Сэтгэлдээ тээсэн гэмээ хөнгөрүүлэх гэж хүнд чулуу биеэсээ уяад өвлийн цаснаар уул өөд мацах эр. “Хавар зун намар өвөл дахиад хавар”.
Харин одоо хэдүүлээ монгол найруулагчид энэ сэдвээр хэрхэн кино бүтээсэн талаар ярилцъя. 2024 онд “Dream entertainment”-ийн уран бүтээлчид Тайландын уран бүтээлчидтэй хамтран “Үхлийн тойрог” аймшгийн кино, найруулагч П.Дэлгэрбаяр сэтгэхүйн аймшиг болоод нууцлаг (mystery) төрлийн киног бүтээжээ. Хоёул ижил сэдэв. Содон шийдэл, төгсгөлтэй. Гэхдээ “Тойрог” нь илүү урлаглаг санагдав.

“Амьтны амиар зугаа гаргаж явна гэдэг үнэндээ үйлийн үрийг дэндүү бассан хэрэг”
“Үхлийн тойрог” кино нь идэр залуудаа гаргасан аавынхаа алдааг эрүүл мэнд, амь насаараа төлж яваа ах дүүсийн талаар өгүүлнэ. Зохиол найруулга, хийцийн хувьд ерөнхийдөө Тайландын аймшгийн киноны хийцийг санагдуулна. Монгол кинонд тэр болгон сайн хийгдээд байдаггүй “visual effect” дээр тус киноны уран бүтээлчид сайн ажилласныг онцлох нь зүй. Гэвч тус киног өөлөх зүйл олон байна. Тухайлбал, Тайландад болж буй үйл явдал, дүрүүд хоорондын яриа, текстүүд бүгдээрээ монгол дуу оруулгатай байсан нь нэг л чихэнд наалдахгүй, хөндий санагдсаныг нуугаад яах вэ. Зүгээр л монгол хадмалаар энэ асуудлаа шийдчихсэн бол гадаад жүжигчдийн жүжиглэлт, ярианы темп, хоолойны өнгө гээд мэдрэгдэх мэдрэмж нь хүртэл өөр байх байсан биз. Мөн кинон дээр гарч буй зарим нэг үхлүүд хэзээ ч биелэхээргүй азгүй магадгүй логикийн алдаатай гэж хэлж болмоор хэсгүүд мэр сэр байсан.
“Баахан тунирхаж, нэгэндээ гомдсон ах дүүсийн уйлаан, удахгүй үхэх нь ойлгомжтой дүрийн хэнд ч хэрэггүй өнгөрсөн амьдрал зэрэг дүрүүдийн хоорондох зөрчил , харилцаа, зорилгоо нөгөө л нэг сайхан ярьж, уйлж үзүүлдэг башир аргаараа харуулаад байсан нь жаахан урам хугалав. Тайландад өрнөх тэрхүү үйл явцыг зохиолоос нь ураад хаячихвал илүү дээр байх байв. Энэхүү хэсгээс авхуулаад киноны өнөөх impact тай үхэл нь газрын гаваар орсон мэт алга болно” (Movie Toast, 2024).
Хамгийн гол нь үйл үр хэмээх сэдвийг яг л халдварт өвчин шиг хүн хүнд дамжиж зовлон авчирч буйгаар харуулсан нь тиймхэн санагдав. Яг л “Final Destination” цуврал шиг дүрүүдээ “зугаатай” (хэрцгийгээр) байдлаар үхүүлдэг шиг. Гэвч энэ кино бол “Final Destination” монгол хувилбар биш шүү дээ. Үхэл нь ихэдсэн кино л гэе дээ. Цус ихдэхээрээ цусан бялбалаг болдгийн жишээ гэмээр. Юм хэтрэхээрээ хэцүү болдог доо.
“Тамын амьтад тамдаа жаргалтай”.
Харин найруулагч П.Дэлгэрбаяр үйлийн үр буюу “карма” гэдэг зүйлийг маш өвөрмөцөөр үзэгчдэд харуулж чадсан байна. Хүмүүсийн төөрөгдөл зах хязгааргүй. Хүмүүсийн нүгэл хилэнцэд хил хязгаар үгүй. Өөрсдийн үйлдсэн үйл, үйлийн үр нь тэднийг төөрөгдлийн эрхэнд оруулдаг. Үйлийн үрийг нь ирээдүйд өөр хэн ч бус, өөрөө л үүрэх ёстой болдог гэдгийг энэ кино харуулж чаджээ.
Киноны өрнөл нь эхнээсээ дуустал бүгд далд утга, нууцлаг үйл явдлаар дүүрэн сонирхолтой байна. Кино монгол ахуй, орчинтой, зураг авалтын өвөрмөц шийдлүүдтэй. Хөвсгөлийн тайгын сайхан зураглал, үзэсгэлэнт дүрүүдтэй. Бас сэтгэл сэртхийлгэм дүрслэлүүдтэй. Төгсгөлийн өрөмддөг хэсэг бол сэтгэл өрөмдөнө.
Хүнд маш олон муу шинжүүд байдаг. Тэр муу шинжүүдийн оргил нь шунал хүсэл аж. Тэр шунал хүсэл гэгч нь хязгааргүй байдаг. Тэр хязгааргүй шунал хүслийг гайхамшиг болсон оюун ухаанаар хязгаарлаж, хэмж хэмжээг нь барих ёстой. Харин хязгааргүй шунал хүсэлдээ автан оюун ухаанаа залж чадахгүй бол тамд унадаг аж.
Зэлмэ Хангал 2 хуучны бурхан дотроос учир битүүлэг газрын зураг олсноор эд баялаг тэднийг дуудаж байна хэмээн үзэж, холын аялалд гарна. Гэвч тэдэнд хачирхалтай зүйлс тохиолдож эхлэх болно. Зэлэм, Хангал хоёр хэмжээлшгүй их эд баялаг, хязгааргүй их аз жаргалыг амархан олно гэж эндүүрнэ. Хүн хүсэлдээ хэзээ ч амархан хүрдэггүй. Хяслыг давж, тийш үнэн гэгээнээр зүтгэж гэмээнэ хариуд нь ирдэг зүйл. Үүнийг мэдэхгүй яваа хоёр залуу. Мэдэх нь битгий гэл өнгөрүүлсэн амьдралдаа юуг буруу хийснээ ч мартсан. Алт эрдэнэс тэдний нүдийг сохолж, зөвхөн долоон овоонд хүрчихвэл л амьдрал сайхан болно гэсэн хэт гэнэн зорилго, зориг тэднийх байв.Гэвч үйлийн үр, хүн юу тарина түүнийгээ хураана гэдгийг, ертөнц өөрөө там, диваажин, түүн доторх аз жаргал, баяр гуниг, гомдол цөхрөл, атаа хорсол, шунал тачаал, буян, нүглийн тойрог гэдгийг тэд мартаж. Үгүй бүр анхнаасаа тийм зүйлийг ухаараагүй ч байх.
Хүн муу үйл хийсэн л бол хэзээ нэгэн цагт тамын хаалгыг татах, түүн рүү өөрсдөө алхан ирэх нь хууль. Тэд энэ удаад тэр хаалгыг татахдаа бурхнаар уриулан ирсэн. Ерөөсөө л энэ. Чойжил анчин тэднийг “агнах” гэхдээ бурхнаар урхи тавьсан. Эд баялагт шунамхай өнөөх залуус уухайн тас л урхинд оролгүй яах вэ. Тэр тэдэнд өөрийн байгаа эзгүй буйд газрынхаа тухай тун тодорхой “Манай энд бурхан эзгүй газар” гэж, аврал гэж энд үгүй гэдгийг хэлсэн. Үнэхээр ч нэгэнт там болон хувирсан газар ямар бурхан байна гэж.
“Үйлийн үрийн сэдвийг нэлээд өргөн тойрогт гүнзгий хунгар үүсгэн оруулж, түүн дотуур чөлөөтэй эргэлдэх сэтгэхүйн цар хүрээгээрээ тус кино онцлогтой. Хүний оюун ухааны цар хүрээнээс давсан ер бусын хүчин бодитоор оршдог агаад үүн дотор нэгэнт гишгэсэн л бол ямар нэгэн өнцөггүй тойрог дотроос гарах боломжгүй. Гол нь нэгэнт зохиолын өгүүлэмжтэй холбогдох судалгааг сайтар хөгжүүлсэн нь тодорхой дам бэлгэдлүүдээр илрэн гарахыг төгсгөлийн болон, ойд аж төрөн суух хоёр охины хоорондын үйл хөдлөлийн эсрэгцлүүдээс харж болно” (Алтанхуяг, 2024).
ЭШЛЭЛ АВСАН БҮТЭЭЛҮҮД
- Алтанхуяг Б. 2024. 2024 оны онцлох монгол кинонууд. Уб., https://www.interview.mn/movie/967 2024-ony-oncloh-mongol-kinonuud.html.
- Баяраа Я. 2024. Монгол киноны шинэ зам. Уб., https://eagle.mn/r/131934.
- Большаков В.П, Иконникова С.Н. 2016. Кибер орон зай бол бодит байдлын шинэ хэв шинж мөн. Орчуулсан С.Энхбаяр. С.Энхбаярын “Утга зохиолын ерөнхий онол туурвилзүй” номын 271-291 дүгээр тал. Уб.,
- Бурхан багшийн сургаал. 2017. Бурханы шашныг сурталчлах нийгэмлэг. “Косайдо” Ко., лтд. хэвлэв. Токио, 309 х.
- Гаадамба Ш. 1989. Утга зохиолын онолын үндэс. Уб., 270 х.
- Майкл Райн. Задлан шинжлэлийн тухай: Уран зохиол, Кино, Соёл урлаг. Орчуулсан: Маралгуа. “Утга зохиолын судлал шинжлэл” цуврал-24. “Жиком пресс”. Уб., 244 х.
- Монголын кино менежментийн холбоо. 2024 оны монголын киноны үзэгчдийн тоо. Уб.,
- Сумъяа Ө. 2024. Ганцхан улирлын настай залуу нас. Уб., https://usniigudamj.com/2024/10/21/gantsulirliinnastaizaluunas/
- Сүзүки Томояа. 2025. “Сэр сэр салхи” киноны өвөг дээдсийн оршихуйн тухай эргэцүүлэхэд. Уб., https://www.ub.life/p/250311-p3n1hx.
- Тэгшзаяа Ж. 2015. Монгол кино ба дэлхийн зах зээл. Уб., https://news.mn/r/706504/
- Фрэдэрик Штраусс. 2023. Баавгай болохсон. Орчуулсан: Ш.Номиндарь. https://www.telerama.fr/cinema/.
- Цогтбаяр С. 2024. Би ч гэсэн “Баавгай болохсон. Уб., https://www.facebook.com/share/p/1Fj5FRPocn/
- Цотан О. 2023. Нэр шигээ сайхан кино ажээ. Сэр сэр салхи. Сэр, сэр…. Уб., Phoenix Tsotan’s diary.
- Movie Toast, 2024. “Үхлийн тойрог”. Уб., https://www.facebook.com/photo/?fbid=122130428714282983&set=gm.26104349805876160&idorv anity=1214401355297683
- Nikki Baughan. 2023. “Баавгай болохсон”: Каннын шүүмж. Орчуулсан: Ш.Номиндарь. https://www.screendaily.com/reviews/if-only-i-could-hibernate-cannes-review/5181603.article
- PAR Geoffrey Nabavian. 2023. Нийгмийн шинжит уран нарийн монгол кино. Орчуулсан: Ш.Номиндарь. https://toutelaculture.com/cinema/cannes-2023-un-certain-regard-si-seulement-je pouvais-hiberner/
- The Routledge encyclopedia of film theory. 2014. Edited by Edward Branigan and Warren Buckland. First published 2014. New York, ISBN: 978-0-415-78180-0 (hbk). P- 526.