Дэлхийн театрын салбарт юу болоод байна вэ?
Театр 360-ын тойм
Бродвейгээс Лондоны Вест Энд, Сөүл, Шанхай, Токио хүртэл өдөр тутмын тайзны амьдрал нэг талаас тасалбарын үнэ, түрээс, ажиллах хүчний зардлын байнгын өсөлт, санхүүгийн дарамт нөгөө талаас дижитал технологи, дэлхийн од, шинэ зах зээлийн боломж зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр эрс өөрчлөгдөж байгаа нь тодорхой харагдаж байна. 2026 оны хавар, зуны мэдээллийг нэгтгэж үзвэл доорх чиг хандлага ажиглагдаж байгааг Театр 360 тоймлон хүргэж байна.
Театрын салбарын сүүлийн үеийн хамгийн шуугиан тарьсан мэдээ бол Лондоны хамгийн том театрын компаниудын нэг ATG Entertainment (Ambassador Theatre Group) дэлхийн арга хэмжээ зохион байгуулагч Mari компанид зарагдсан явдал юм. Энэ бол зөвхөн нэг компанийн эзэмшлийн асуудал биш театрын том компаниуд глобал хөрөнгө оруулалт, арга хэмжээ зохион байгуулалтын салбартай (event industry) нэгдэж, жижиг, бие даасан театруудын байр суурь улам шахагдаж буйн тод жишээ юм. Театр аажмаар зөвхөн урлагийн байгууллага биш, олон улсын хөрөнгийн эргэлтэд орсон бизнес нэгж болж хувирч байна.


Энэ нөхцөл байдалд бие даасан, жижиг театрууд өөр өөрийн аргаар оршин тогтнох боломжийг хайж байна. Лондонгийн Courtyard Theatre-ийн захирал Тим Гилл сүүлийн үед хийсэн ярилцлагадаа “бид зөвхөн тасалбарын орлогоос хамаардаггүй тул илүү эрсдэлтэй шийдвэр гаргаж чадна” гэж тодорхой хэлсэн нь орлогын эх үүсвэрээ нэгээс олон болгох стратеги театрын салбарт улам бүр амин чухал болж байгааг харуулж байна. Зөвхөн тасалбарын орлогоор оршин тогтнох загвар аль хэдийн хуучирсан гэсэн үг.
Гэвч энэ стратеги бүх театрыг аварч чадахгүй нь тодорхой байна. Норвичийн театр үйлчилгээний ажилчдаа халж, дотоод хяналт хийж байгаа бол орон нутгийн театруудын захиалагчийн (subscriber) тоо жил ирэх тусам ерөнхийдөө буурч, нэг удаагийн, санамсаргүй үзэгчдээс хамаарах хандлага сүүлийн жилүүдэд эрс ихэсчээ. Хамгийн гунигтай жишээ бол Тонигийн шагнал хүртсэн Ragtime-ийг Бродвейд дахин тавьсан ч өнгөрсөн 7-р сард тоглолтоо зогсоосон явдал юм. Шагнал хүртсэн ч, шүүмжлэгчдээс магтаал авсан ч урт хугацаанд арилжааны хувьд тогтвортой байх нь өнөөгийн зах зээлд улам бүр хэцүү болж байгааг сануулж байна. Хиймэл оюун ухааны хэрэглээ өсч, гарааны зардал буурахгүй байгаа энэ үед дан ганц уран бүтээлийн чанарт найдах боломжгүй болжээ.

Бродвей, Лондоны Вест Энд хоёулаа уран бүтээлээ олонд таниулах, тасалбар зарах гол хэрэгслээ од татах стратегиар улам эрчимжүүлж байна. The Real Housewives-ийн од Ариана Мадикс Бродвейд Just in Time жүжигт тоглохоор болж байгаа бол Өмнөд Солонгосын поп од Ivy саяхан Chicago мюзикл дээр Бродвейн анхны тоглолтоо хийж, дэлхийн К-поп дагагч фэнүүдийг шууд Бродвейн театр руу татаж чадсан. Энэ бол зөвхөн Америкийн од татах стратеги биш Ази, Америкийн үзэгчдийг хооронд нь холбож, дэлхийн К-поп фэнүүдийг театрын салбар руу татах шинэ, зорилготой хандлага юм. Театрын маркетинг өнөөдөр Netflix, Spotify-ийн алгоритмтай өрсөлдөх ёстой болсон тул аль хэдийн бэлэн, дэлхийн хэмжээний фэнүүдтэй од бол хамгийн найдвартай хөрөнгө оруулалт болж байна.


Кино болон тайзны хоорондох хил улам бүр бүдгэрч байна. Лена Данам, Жессика Хуан, Карли Рэй Жепсен, Итан Груска нар хамтран бүтээсэн 10 Things I Hate About You мюзиклийг Бродвейд 2027 онд тавихаар төлөвлөж байгаа бол The Greatest Showman киноны тайзны хувилбар Лондоны West End-д Саманта Баркс, Оливер Томпсетт нарын гол дүрд тоглосноор нээлтээ хийх гэж байна. Энэ бол сүүлийн жилүүдэд эрчимжсэн чиг хандлагын үргэлжлэл юм. Продюсерүүд шинэ, эрсдэлтэй бүтээл дээр хөрөнгө оруулахаас илүү аль хэдийн үзэгчдийн танил, сэтгэл татсан кино/брэндийг тайзанд гаргах нь илүү найдвартай, тооцоолж болохуйц хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Сонирхолтой нь энэ нь зөвхөн Холливудын том студиудээр зогсохгүй жижиг, дунд театрууд ч гэсэн хүмүүсийн сайн мэддэг түүх, нэгэнт танигдсан дүрийг ашиглан эрсдэлээ бууруулах ижил стратегийг баримталж эхэлж байна.



Театрын салбарт хиймэл оюун ухаан, virtual reality, hybrid (физик болон дижитал хосолсон) тоглолтын технологи хурдацтай нэвтэрч байна. Америкийн репертуарын театрын нэг болох A.R.T.-ийн Loeb Drama Center студи VR-тэй хослуулсан тоглолтуудаараа тасалбарын борлуулалтаа гурав дахин нэмэгдүүлсэн тухай тайлагнасан нь дижитал технологи зөвхөн туршилтын нэмэлт үйлчилгээ бус, бодит, хэмжигдэхүйц орлогын эх үүсвэр болж чадахыг харуулж байна. Мөн хиймэл оюун ухааныг дэлгэц дизайн, дуу авиа, тавцангийн зохион байгуулалтад ашиглах нь аажмаар “туршилт” гэсэн статусаас гарч, нэн тэргүүний хэрэгсэл болж хувирч байна.
Энэ трэнд бол театрыг компьютерийн тоглоом эсвэл кино болгож байгаа хэрэг биш харин бодит тайзны амьд туршлагыг дижитал давхаргаар баяжуулж, шинэ, залуу үзэгчдийг татаж, нэг тоглолтоос авах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлж байгаа хэрэг. Хэрэглэгчийн хувьд энэ нь тасалбарын үнийг хүлээн зөвшөөрөх шинэ шалтгаан, театрын хувьд бол шинэ орлогын шугам юм.

Дэлхийн театр 2026 онд нэг талаас санхүүгийн эрсдэл, бүтцийн өөрчлөлтийн дор, нөгөө талаас технологи, глобал солилцооны хүчээр урагшилж байна. Энэ хоёр урсгал нэгэн зэрэг явагдаж байгаа нь том, хүчирхэг зах зээлүүдэд ч, жижиг зах зээлүүдэд ч адилхан хамааралтай. Дэлхий даяар хэрхэн уламжлалт урлагийн үнэ цэнээ хадгалж, зах зээлийн шинэ бодит байдалд дасан зохицох вэ гэдэг асуулт нийтлэг сорилт болж байгаа нь шинэ үзэгдэл биш бөгөөд энэ сорилт Монголын театрын салбарын өмнө ч бас нүүрлэн буй билээ.
